Монголын 6-11 настнуудын 28 хувь нь хэт тарган болжээ
Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн үзүүлэлт нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний суурь нь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлээс үүдэлтэй болохыг судлаачид нотолсон. Жирэмсэн эхийн хоол тэжээлийн байдал, биеийн жингийн илүүдэл нь хүүхэд илүүдэл жин таргалалттай төрөх, хүүхэд насандаа илүүдэл жинтэй болох эрсдлийг дагуулдаг.
2016 оны статистикаар, дэлхий дээр 5-19 насны 340 сая хүүхэд илүүдэл жин, таргалалттай гэсэн судалгааны дүн байна.
Манай улсын хүн амын 25 орчим хувийг 5-19 насныхан буюу өсвөр үеийнхэн эзэлж байна. "Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5 дугаар судалгаагаар 6-11 насны сурагчдын 28.6% илүүдэл жин, таргалалттай байна. Хүүхэд өсвөр үеийн таргалалт жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь бидний анхаарлыг хамгийн татаж буй цаашид аюул дагуулж болох тулгамдсан асуудал болоод байна .Судалгаанаас үзэхэд хүүхдийн илүүдэл жин, таргалалт 2009 онд 9.1%, 2013 онд 12.1% байсан бол 2017 онд 28.6% болж огцом өссөн байна.
Хүүхдийн таргалалтад нөлөөлөх олон шалтгаануудын заримаас дурьдвал: сургуулийн орчин дахь хүнсний бүтээгдэхүүний худалдаа,үйлчилгээний байдалд хийсэн судалгаагаар чихэр, чихэр ихтэй хүнс,хийжүүлсэн ундаа,төрөл бүрийн чихэрийн агууламж өндөртэй ундаанууд,шоколад,жигнэмэг, гурилан бүтээгдэхүүн,түргэн хоол, исгэгч агуулсан бүтээгдэхүүнүүд ихээр худалдаалагдаж байгаа нь тогтоогдсон ба эдгээр бүтээгдэхүүний байнгын болон илүүдэл хэрэглээ нь сургуулийн хүүхдүүдийн таргалалтад шууд нөлөөлж байна.
Мөн амьдралын хэв маяг өөрчлөгдөж нэг гэр бүлд байх хүүхдийн тоо цөөрөх, хүүхдийн хөдөлгөөний дутагдал, цахим орчин, телевиз кино гэх мэт зүйлүүд ихээр нөлөөлж байна.