Газрын тосны салбарт төрийн бодлого байдаггүй

789

 

Газрын тосны салбарт төрийн бодлого байдаггүй"Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого”-ын хугацаа дууссан, салбарын бодлогын шинэчлэлийг хүлээж, хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон зэргээс үүдэн газрын тосны салбарын бодлогыг шинээр тодорхойлж, боловсруулан батлуулах шаардлага тулгарчээ. Иймд

  • Газрын тосны тухай хуулийн 6.1.1,
  • Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль,
  • Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журмын дагуу "Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогын баримт бичгийн төсөл, холбогдох мэдээллийг яам, агентлаг, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран боловсрууллаа.

Уг бодлогын баримт бичиг нь зорилго, зорилтууд, бодлогын чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлогын хэрэгжүүлэх үе шат, бодлогын үр нөлөө бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлт, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр, бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ гэсэн үндсэн 6 хэсгээс бүрдсэн.

Бодлогын баримт бичигт газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг тогтвортой хангах, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, газрын тосны салбарын хүний нөөц, ажиллах хүч бэлтгэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, газрын тосны салбарын үйл ажиллагааны үед байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ногоон хөгжил, орон нутгийн хөгжлийг дэмжих, газрын тосны салбарын мэдээлэл, судалгаа, шинжилгээний төвийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, газрын тосны төрийн болон төрийн өмчит компани байгуулж, салбарыг хөгжүүлэх гэсэн зорилтуудыг  тусгасан.

Манай Улсад газрын тосны эрэл, хайгуул, олборлолт, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах үндэсний компани байхгүй, мэргэшсэн боловсон хүчин дутмаг. Иймд тус салбарт хийж байгаа ихээхэн хэмжээний гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын 90 орчим хувь нь гадаадаас авсан ажил, үйлчилгээний төлбөр, ажиллах хүчний ажлын хөлс хэлбэрээр гадагшаа урсаж байна.

Газрын тосны эрэл, хайгуул судалгаа дахин сэргээд хорь гаруй жил өнгөрсөн ч чичирхийллийн хэмжилт хийх, гүнийн цооног өрөмдөх, цооногт геофизикийн болон техникийн хэмжилт, туршилт, үйлчилгээ явуулах, цахим мэдээллийг боловсруулах, тайлал хийх, шинжилгээний лаборатори ажиллуулах мэргэжилтэн хангалтгүй. Тоног төрөөрөмж, техник хэрэгсэл байхгүй, боловсруулах үйлдвэргүй, дотоодод боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, чанарын хяналт, хадгалалалтын тогтолцоо хангалттай сайн бүрдээгүй.

Иймд мэргэжлийн боловсон хүчин инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчид бэлтгэх, газрын тосны төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани байгуулж, салбарыг хөгжүүлэх талаар энэхүү баримт бичгийн төсөлд тусгасан.

Тус бодлогыг баталснаар газрын тосны салбарын хүний нөөц, ажиллах хүчний чадавх сайжирч, гадаадаас авах ажиллах хүчний тоо буурч, хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадагш чиглэсэн хөрөнгийн урсгалыг багасгах, үндэсний төрийн болон төрийн өмчийн оролцоотой улсын компани бий болж чадавхжих, газрын тосны салбарын үйл ажиллагаа эрчимжиж, орон нутагт орох өгөөж нэмэгдэж, салбарын үйл ажиллагаа сайжирна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>