Зүрхний шигдээсээр 20 настай залуус өвчилж байна...
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар дэлхий даяар нийт нас барсан хүний 31 хувь нь зүрхний шалтгаант өвчлөлөөс үүдэлтэй байдаг. Тэр дундаа титэм судасны өвчний улмаас жил бүр 7.2 сая хүн амь насаа алддаг байна.
Манай улсад 2006 онд 10 мянган хүн амд ногдох зүрх судасны тогтолцооны өвчин 501.8 байсан бол 2016 онд 1007.6 болж огцом нэмэгджээ. Энэ нь хүн амын дундах өвчлөлийн 3-рт орж байна. Зүрхний шалтгаант өвчин, зүрхний шигдээсээр өвчлөгсөд болон нас баралтын тоо цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байгааг салбарын эмч, мэргэжилтнүүд хэлж байна.
Хамгийн аюултай нь өмнө нь зүрхний шигдээсээр дийлэнхдээ өндөр настай хүмүүс өвддөг байсан бол жил ирэх бүр энэ өвчний насжилт улам залуужиж байгаа юм. Зүрхний мэс заслын эмчийн ярьснаар 20 гаруйхан настай залуу хүртэл зүрхний шигдээсээр өвдсөн нэг бус тохиолдол гарсан гэсэн юм.