Энэ жил ахиад л цэцэрлэгийн хүүхдүүдийг “ёндоо”-гоор нь өрсөлдүүлнэ
Наадмын дараа намар гэдэг. Хэдий зуны сар ид дундаа орж байгаа ч ирэх намар хүүхдээ аль сургууль, цэцэрлэгт оруулах тухай асуудал өрх бүрийн тулгамдсан сэдэв болдог. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд цэцэрлэг ховрын бараа болж, найман сарын дундаас цэцэрлэгийн гадаа эцэг эхчүүд хонон өнжин оочирлож байж хүүхдээ сая өгдөг болсон. Тэгвэл энэ жилээс дээрх байдал өөрчлөгдөж, цэцэрлэгийн насныхан цахим бүртгэлд хамрагдахаар болж байна. Тодруулбал, энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл явцыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсныг Нийслэлийн боловсролын газраас мэдэгдлээ. Энэ жилийн хувьд зөвхөн хоёр настнууд бус 2-5 настай шинэ болон өмнө жилийн элсэгчид бүгд цахимаар бүртгүүлэх болсноороо онцлог. Өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах юм байна.
Ингэснээр нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлт цахим хэлбэрт шилжиж байна гэсэн үг. Цахим бүртгэл энэ сарын 25-наас ирэх сарын 23ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ. Цахим элсэлт ирэх сарын 24-ний баасан гарагийн 09.00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдах юм шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар "Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, энэ жил ахиад л цэцэрлэгийн хүүхдүүдийг "ёндоо”-гоор нь өрсөлдүүлэх нь. Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэгт сургуулийн өмнөх насны 146 мянга орчим хүүхдээс 114 мянга нь хамрагдах төлөвтэй.
Хүүхдээ tsetserleg. ulaanbaatar.mn хаягаар нэвтрэн бүртгүүлнэ
Цэцэрлэг "горилох” 10 хүүхэд тутмын хоёр нь гэртээ үлдэхээр байна. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 80 орчим хувь нь энэ намар цэцэрлэгийн босгох алхах нь. "Цахим элсэлт”-ээр хүүхэд цэцэрлэгт элсэх боломжтой болсон эсэхийг бүртгэл хийхдээ ашигласан гар утасны дугаарт зурвасаар илгээж мэдээлэх юм байна. Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг бүртгүүлэхдээ tsetserleg.ulaanbaatar.mn системд нэвтрэн орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үргийг бичиж нэвтрэх товчийг дарна. Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ. Хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна. Таны гар утсанд бүртгэлийн таван оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг "Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэлийн баталгаажуулах товчийг дарснаар "амжилттай баталгаажлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.
Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд энэ сарын 25-наас зөвхөн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, ирэх сарын 13-наас хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой. Тэгвэл өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг дараах зааврын дагуу баталгаажуулах юм байна. Баталгаажуулахдаа мөн tsetserleg.mn, ulaanbaatar.mn систем рүү орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарснаар "таны хүүхэд.... цэцэрлэгт бүртгэлтэй байна. Баталгаажуулна уу” гэсэн мэдээлэл гарч ирнэ. Үүний дараа эцэг эх, асран хамгаалагч нь холбогдох гар утасны дугаараа оруулна. Бүртгэлийн дугаар авах товчийг дарснаар таны гарутсанд таван оронтой дугаар ирнэ. Тус дугаарыг системд оруулснаар бүртгэл баталгаажих аж. Бүртгэлийн дугаараа баталгаажуулаад ирэх сарын 27-29-ний өдрүүдэд харьяа цэцэрлэг дээр очиж гэрээгээ сунгуулах юм байна. Харин тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэж байгаа болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар бус уламжлалт аргаар бүртгэхээр болжээ. Цэцэрлэгийн хүртээмж тааруу байгаагаас гадна улсын хэмжээнд 200 орчим цэцэрлэгийн барилгын насжилт хэтэрсэн гэсэн салбарын яамны мэдээлэл бий. 2018-2019 оны улсын төсөвт 52 цэцэрлэгийн өргөтгөл багтсан ч энэ намар шинээр нэмж цэцэрлэг ашиглалтад орохгүй нь.