Монгол Улс жилд долоон триллион квт/цаг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой
Манай орны хувьд нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй. Түүнийг ашиглан байгаль орчинд ээлтэй цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, Азийн бусад орнууд руу экспортлох, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, сэргээгдэх эрчим хүчний хуримтлуур нэвтрүүлэхийг зорьж буй.
Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Монголд анх удаа зохион байгуулагдсан "Ази номхон далайн бүсийн сэргээгдэх эрчим хүчний VIII форум” олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр салбарын мэргэжилтнүүд сэргээгдэх эрчим хүчний шинэ техник технологи, хөгжлийн төлвийг хэлэлцэж, Азийн супер сүлжээ байгуулах чиглэлээр ярилцсан билээ.
Хүн төрөлхтөн өнгөрсөн зуунд нүүрстөрөгчийн түлшний үйлдвэрлэлийг хөгжүүлсэн. Нүүрстөрөгчийн түлшийг их хэмжээгээр хэрэглэснээр байгаль орчныг бохирдуулж, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй юм. Эрчим хүчийг байгаль орчинд ээлтэй байдлаар үйлдвэрлэн гаргах нэг хувилбар бол сэргээгдэх эрчим хүчийг ашиглах явдал юм. Гэвч Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад хоёр асуудал тулгардаг байна.
Энэ нь нэгдүгээрт, сэргээгдэх эрчим хүч тогтвортой бус учраас манай системийн горим тохиргоо, эрчим хүчний аюулгүй найдвартай ажиллагаанд нөлөөлдөг. Хоёрдугаарт, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу үнэ тариф нь харьцангуй өндөр. Тиймээс энэ хүндрэлийг арилгах, хууль эрх зүйн орчинг сайжруулахаар тооцоо судалгаа хийгдэж буй аж.
Манай орон эрчим хүчний асар их нөөцөө ашиглан эдийн засгаа хөгжүүлэх бүрэн боломжтой юм. Энэ талаар "Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Б.Жигжид хэлэхдээ "Манай орны хувьд агаар сийрэгжилттэй, хуурай орчинтой учраас нэгж талбайгаас авах эрчим хүч өндөр байдаг. Хятад улс өөрийнхөө эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байна. Солонгос, Япон зэрэг орнууд эрчим хүчний хувьд гадаадаас хамааралтай байх жишээтэй.
Дэлхий нийтээр цагт 25 триллион кВт эрчим хүч хэрэглэдэг. Үүний таван триллион кВт-ыг Хятад улс дангаараа ашигладаг. Манай хажууд байгаа энэ том зах зээл рүү эрчим хүчээ экспортловол уул уурхайгаас илүү ашиг олох боломжтой. БНХАУ-ын дарга Си Зиньпин сүүлд айлчлах үеэрээ "Монгол-Хятад хоёрын хооронд эрчим хүч экспортлох журмаа гаргая” гэсэн. Энэ бололцоогоо цаг алдалгүй ашиглах нь зүйтэй. Өөрсдөө асар их нөөцтэй байж Оросоос цахилгаан авч байна. Монголын нар, салхины станц нэг жилд долоон триллион кВт/цаг эрчим хүч гаргах боломжтой гэсэн тоо бий. Хятадын хэрэглээг хангах нөөц байна гэсэн үг” хэмээн хэлсэн билээ.
Азийн супер сүлжээний хүрээнд манай орны нөөцийг ашиглах талаар олон улсын хэмжээнд яригдах болсон нь сайшаалтай хэрэг юм. Хэрвээ бид Азийн супер сүлжээ олон улсын төслийг хэрэгжүүлж чадвал Зүүн хойд Азийн Солонгос, Япон зэрэг орнууд руу нар салхины эрчим хүчээ экспортлох боломжтойг энд дахин онцлох хэрэгтэй юм.
Салбарын сайд Ц.Даваасүрэн мэдээлэхдээ "Манай улс нийт хэрэглэж байгаа эрчим хүчнийхээ 12 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авдаг. Нар, салхины станцыг хөгжүүлэхэд хүндрэлүүд бий. Дотооддоо бие даасан эрчим хүчний системгүй, ОХУ-аас 220 кВт шугам татаж зохицуулалтаа хийж байна. Өвлийн улиралд өдрийн 17 цагаас хойш наргүй болчихвол нарны станцууд эрчим хүчээ нийлүүлж чадахгүйд хүрнэ. Үүнийг ямар эх үүсвэрээр нөхөх вэ зэрэг асуудлуудыг бид эхлээд шийдэх ёстой” гэсэн.
Нар, салхины станц наргүй, салхигүй үед хангалттай эрчим хүч гаргаж чадахгүй. Тиймээс холбогдох албаныхан 100 мВт хүртэлх цахилгаан хуримтлуулж, ачаалал ихтэй үед эргүүлэн ашиглах боломжийг судалж буй юм байна. Энэ нь өдрийн цагт эрчим хүчний хуримтлал үүсгээд, шөнийн цагт эргүүлээд системдээ нийлүүлдэг олон улсын туршлагыг нэвтрүүлнэ гэсэн үг аж. Засгийн газар 100 мВт-ын цэнэгт хуримтлуур бий болгох асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханы мэдээлснээр, манай дотоодын хэрэглээ хамгийн их ачаалалтай үедээ 1081 мВт хүрч байжээ. Одоогийн байдлаар нарны хоёр, салхины хоёр станц нийтдээ 120 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэж буй. Эдгээр нь нар, салхигүй үед ажиллахгүй, тогтвортой цахилгаан гаргахгүй учраас нөөц хуримтлал бий болгох шаардлага гарч иржээ. Өөрөөр хэлбэл, зай хураагуурт эрчим хүчээ хуримтлуулан, шаардлагатай нөхцөлд эргүүлэн хэрэглэнэ гэсэн үг.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Азийн супер сүлжээ байгуулах төслийн ажил эхэлж, дараа жил судалгааны ажлын дүн гарах юм байна. Манай улс 2015 оноос хойш Дорнодоос Баян-Өлгий хүртэлх цахилгааны нэгдсэн сүлжээтэй болно гэсэн бодлого баримтлан ажиллаж иржээ.
2015 онд баталсан Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогод "2023 оноос цахилгаан эрчим хүч экспортолно” гэж тодорхой заажээ. Чөлөөт өрсөлдөөнд орвол эрчим хүчний үнэ хэд дахин хэмжээгээр буурах боломжтой юм.
Германы эрчим хүчний профессор Эдвард Хэйндл "Монгол Улс Азийн супер сүлжээгээр дамжуулж, гадны орнуудад эрчим хүч экспортлох бүрэн боломжтой. Монгол сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй учраас энэ нь давуу тал болж байна” гэж зөвлөсөн байдаг.
Мөн Солонгосын Силла их сургуулийн профессор Жин Сун Сон "Азийн супер сүлжээ байгуулах, сэргээгдэх эрчим хүчийг зүй зохистой ашиглах нь эдийн засгийн хувьд төдийгүй байгаль орчинд асар их үр өгөөжтэй” хэмээн онцолжээ.
Монголчууд бидэнд ямартай ч сэргээгдэх эрчим хүчээ экспортолж, асар их мөнгө олох боломж бий. Үүний зэрэгцээ Монгол Улсаас эрчим хүч худалдаж авах хүсэлтэй улс орон цөөнгүй байдаг ажээ. Азийн супер сүлжээнд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хөрөнгө оруулагчид түүнээс ч олон байдгийг бид алдахгүй ашиглах нь чухал юм.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ЭКСПОРТЛОХ ЭХЛЭЛ ТАВИГДАВ
Монгол Улс 2030 он гэхэд суурилагдсан хүчин чадлынхаа 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавьсан. Одоогоор сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх станц Салхитын салхин парк, Дөргөний усан цахилгаан станц гэх мэтчилэн хуруу дарам цөөн боловч энэ зорилт 2030 он гэхэд биеллээ бүрэн олно гэж тооцоолжээ. Тухайлбал, ойрын хоёр жилд л гэхэд 100 МВт-ын салхины эх үүсвэр, 50 МВТ орчим нарны эх үүсвэр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орвол 30 хувиа сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтод хүрэх бүрэн боломжтой гэж тооцоолсон нь ч бий. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын салхин паркийн ажил явагдаж буй билээ.
Энэ онд манай улсад сэргээгдэх эрчим хүчээ экспортлох эхлэл тавигдсан. Монгол Улс 2007 онд "Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль”-тай болсон. Түүнээс хойш яг 10 жилийн дараа анхны нарны станц байгуулагдсан нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт "Солар Повер Интернешнл компани” Японы "Sharp” корпораци, "Shigemitsu shoji” компанитай хамтран 10МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станц байгуулах томоохон бүтээн байгуулалт байв.
Энэхүү нарны цахилгаан станц 10МВт-ын хүчин чадалтай, жилд 15.2 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэн, төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлж, 14.746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх урьдчилсан тооцоо гарсан байдаг.
Өмнө нь гадны хөрөнгө оруулагчид ийм төсөлд орж ирдэггүй байжээ. Харин сүүлд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифтай болсноор эхний станцын төсөл хэрэгжиж эхэлсэн юм.
Монгол Улсад цаашид нүүрсээ бус, цахилгаанаа гадагш худалдаж мөнгө олох боломж бүрдсэн. Энэ талаар салбарын мэргэжилтнүүд "Монгол Улс нүүрсээрээ хөрөнгө оруулах биш, нутагтаа нар салхины станцаа барьж, урд хөрш БНХАУ руу экспортод гаргах хэрэгтэй. Учир нь БНХАУ л гэхэд жилд нэг гегаватт цахилгаан импортлодог. Тайвань гэхэд 2020 он гэхэд 20 гегаватыг зөвхөн нарны эрчим хүчээр гаргана гэж тооцсон. Энэ нь Монгол Улсын экспортод гаргах бараа нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэсэн цахилгаан байх ёстойг харуулж байна” хэмээн онцолж буй юм.
Сэргээгдэх эрчим хүч бол Монголын хувьд эдийн засгийн нэг том тулгуур болох салбар. Бид эрчим хүч экспортолдог болох ёстой. Үүний тулд дотоодын сэргээгдэх эрчим хүчний дэд салбараа хурдан хөгжүүлэх нь чухал. Шинэ станцууд баривал хэрэглэгчдэдээ цэвэр эрчим хүч нийлүүлэх, нөгөө талдаа технологийн асар том шинэчлэлүүд хийгдэж, улмаар Хятад, Япон, Солонгос гээд Зүүн хойд Азийн эрчим хүчний том зах зээл рүү нэвтрэх бүрэн боломжтой билээ.