Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 32, эмэгтэйчүүдийн 23, холимог багийн хоёр дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны Баку хотод эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 129 орны 800 орчим тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өдөр бүр эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг жингийн барилдаан болно. Өчигдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн медальтнууд тодорсон.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд залуучуудын дэлхийн аваргын хошой хүрэл медальт Б.Амартүвшин анх удаа насанд хүрэгчдийн ДАШТ-д зодоглосон бөгөөд нэг ч ялалт авч чадалгүй тэмцээнээ дуусгалаа. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг Узбекстан, Куба, Португалын бөхийг ялсан ч хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Фүна Тонакид ялагдлаа.
Улмаар хүрэл медалийн төлөө Казахстаны бөх олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Г.Отгонцэцэгт ялагдсанаар шагналт байрт шалгарав. Тэгвэл Казахстаны жүдоч Г.Отгонцэцэг дэлхийн аваргын хошой хүрэл медальтан боллоо. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болно. Сонирхуулахад, дэлхийн аваргын өмнө Олон улсын жүдо бөхийн холбооны уламжлалт хурал, техникийн зөвлөгөө болсон. Энэ үеэр 2021 оны ДАШТ зохион байгуулах эрхийг Австрийн Вена хотод өгчээ.