Чуулган: ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр эхэлнэ. Хуралдаан 10.00 цагаас эхлэх бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхлэх юм. Энэхүү дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэдгээ өчигдөр ТББХ-ны хуралдаанаар мэдэгдээд байгаа юм. Мөн өнөөдрийн чуулганд Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийнэ. Тэрбээр "Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар” мэдээлэл хийх юм.
Мөн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Ингээд өнөөдөр хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.
1.Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дүгээр дүгнэлт;
2.Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудал;
3.Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;
4.Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын "Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
5.Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
6.Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
7.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
8.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
9.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
10.Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
11.Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/;
12.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, төслийг хэлэлцэх эсэх/.