"Оюутолгой" ХХК ажилчдын эрх ашгийг ноцтойгоор хөндөж байна гэв
МЭХГУУҮЭХ-ны дарга Х.Буянжаргал "Оюу толгой” төслийн туслан гүйцэтгэгч компаниудад ажиллагчдын эрх ашиг хөндөгдөж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Оюу толгой компани Монголын уул уурхайн титэм юм бол уул уурхайн салбарт зөв жишиг тогтоох ёстой. Туслан гүйцэтгэгч компанийн ажилчид "Оюу толгой” компаниас 2-3 дахин бага цалин авдаг. Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гаднын томоохон компаниудын ажилчид манайхаас 5-10 дахин их цалин авдаг. Энэ ялгаа заагийг арилгаад Монгол ажилчид эх орондоо хөдөлмөрлөх эрхээ хангуулж, хөдөлмөрөө зөвөөр үнэлүүлэх ёстой” гэж ярьсан юм.
Өнгөрсөн есдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Оюу толгой төслийн менежментийн баг, Олон улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллахаар болоход Оюу толгой компанийн нөхцөл байдалтай танилцсан байна. Манай талаас туслан гүйцэтгэгч компанийн саналыг тавьсан ч судалж үзнэ гэх хариу өгчээ. Гэтэл хүсэлт тавьснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрөхөд хариу өгөхгүйгээр барахгүй шаардлага тавьсан ажилчдыг туслан гүйцэтгэгч компаниуд хяхаж хавчих тохиолдол гарсныг үйлдвэрчний эвлэлийн байгууллага мэдэгдсэн юм.
Энэ шалтгааны улмаас МЭХГУУ-н үйлдвэрчний эвлэлийн холбоо Оюу толгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, гүйцэтгэх захирал Армандо Торрес, Оюу толгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт боловсруулах УИХ-ын ажлын хэсэгт шаардлага хүргүүлэхээр болжээ. Таван зүйл бүхий уг шаардлагад оноос өмнө ямар нэгэн хариу өгөхгүй бол хөдөлмөрлөх эрхээ хангуулахаар олон улсын байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн юм.