Баялгийн сандаа их наядын хуримтлалтай болох нь “Хотны ноос түүж эсгий хийх”-ээс илүү бодитой боломж

712

 

 

Баялгийн сандаа их наядын хуримтлалтай болох нь “Хотны ноос түүж эсгий хийх”-ээс илүү бодитой боломж

 

М.Энхболдын тэргүүлсэн парламентын хамгийн түрүүнд эх барьж авсан хуулийн нэг нь "Ирээдүйн өв сангийн тухай хууль” билээ. Хуулийн зорилго бараг нэрнээсээ тодорхой. Өөрөөр хэлбэл эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх явдал юм.

Ийм сантай байна гэж хуульчилсан нь сайн хэрэг. Харамсалтай нь харин энэ сан маань одоогоор хоосон талдаа. 2006 оноос эхлэн долоон  Засгийн газар дамжин  яригдсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв санг байгуулж хуримтлал үүсгэх гэж зорьж буй нь том алхам. Хийхийн тавин хувь нь эхлэх гэж үг бий.  

Ямартай ч Баялгийн сан байгуулж, тэндээ ойрын жилүүдэд их наядаар тоологдох төгрөгийн хуримтлалтай болно гэдэг "хотны ноос түүж эсгий хийх”-ээс илүү ойр, бодитой сонсогдож байна.

Ирэх жилээс сандаа чамгүй хуримтлал бий болгохоор төсөвтөө төлөвлөчихөөд байгаа. Баялгийн сан байгуулдаг туршлага газрын баялагтай улс орнуудад бий. Бурхны хуваарилсан хишгийн үр шимийг нэгэн үеийнхэн нь хүртээд дуусгах биш,  хойч үедээ хүргэх зорилгоор хадгалж нөөцөлдөг,  мөн янз бүрийн менежментээр өсгөж арвижуулдаг туршлага бий. Энэ тухайд Норвеги, Казакстан, Аравын зарим орнуудын гайхалтай жишээнүүд бий.  Жишээ нь Норвеги улс баялгийн сандаа нэг их наяд ам.долларын хуримтлал үүсгэсэн төдийгүй үүгээрээ дамжуулж дэлхийн томоохон компаниудын хувьцааг эзэмшиж байна.

Мөн манай хөрш Казакстан баялгийн сандаа хэдэн зуун тэрбум ам.долларын хуримтлалтай.  Иймэрхүү жишээ олон.

Харин газрын доорхи баялгаараа гайхагддаг хэрнээ Монгол маань одоо л нэг сантай болж хэдэн  "бор юм” хуримтлуулахаар төлөвлөж байна.

2019 онд Ирээдүйн өв санд 550 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэнэ. Ингэхдээ Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниудын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгаар 300.9 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 767.6 тэрбум төгрөг, нийт 1,068.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх юм.

 Уг орлогоос улсын төсөвт 50 тэрбум төгрөгийг шилжүүлж, мөн үүнээсээ Хүний хөгжил сангийн үлдэгдэл өрийг барагдуулснаар Ирээдүйн өв санд 550 гаруй тэрбум төгрөг үлдэнэ.

Хэрэв Та бүхэн санаж байгаа бол 2009 онд Хүний хөгжил сангийн тухай хууль баталж байсан билээ.  Энэ хуулийн хүрээнд мөнөөх хоёр намын 2008 оны сонгуулийн бэлэн мөнгөний амлалтыг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж байсан бөгөөд харин хуулийг  2016 оны 12 дугаар сард буюу Ирээдүйн өв сангийн хуулийг баталснаар хүчингүй болгосон.  Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд тухайн үеийн Засгийн газар гадаад дотоодоос нэлээдгүй зээл авсан байдаг.  Одоо түүний үлдэгдэл болох 550 орчим тэрбум төгрөгийн өрийг ирэх жилийн төсвөөс, тэр дундаа Ирээдүйн өв санд хуримтлагдах мөнгөнөөс эргүүлэн төлөх юм байна.

Сан байгуулж байгаа нь сайн хэрэг боловч хуримтлагдсан мөнгөө хэн дуртай нв авч төсвийн алдагдал, сонгуулийн амлалтаа хэрэгүүлэхэд зарцуулчих вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд бий. Энэ мөнгө төрийн гэхээсээ илүүтэй  иргэд хойч үедээ зориулсан  хуримтлал учраас зарцуулалт тооцоо нь шилэн байх учиртай.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлж байгаагаар "энэ мөнгийг 2030 он хүртэл зарцуулахгүй. Өөрөөр хэлбэл, энэ онд 500 тэрбум төгрөг, дараа жил нь нэг их наяд гэх байдлаар 2030 он хүртэл цуглуулж авчихаад түүнийгээ эргэлдүүлнэ” гэжээ. Эргэлдүүлнэ гэдэг нь өсгөнө гэсэн үг. Ирэх жил хуримтлуулах 550 тэрбумаа ч гэсэн эргэлдүүлнэ гэж тооцож байгаа. Сохор зоосыг ч болов сэгсэрч бай гэж үг буй. Өсгөнө л гэсэн үг л дээ.

Харин яаж... Банкны хүүгээр, эсвэл үнэ өсөх магадлалтай хувьцаа авч арилжих гэх мэтээр олон арга чарга байдаг байх. Тиймээс Сангийн сайд энэ төрлийн олон улсын сангууд яаж ажилладаг, тэр жишгээр явна, Сингапурын Тмасек, Норвегийн баялгийн сангийн туршлагыг  сайн судалж байгаа юм байна.  

Ямартай ч Баялгийн сан байгуулж, тэндээ  ойрын жилүүдэд их наядаар тоологдох төгрөгийн хуримтлалтай болно гэдэг "хотны ноос түүж эсгий хийх”-ээс илүү ойр, бодитой  сонсогдож байгааг хэлье.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>