Дураараа дургигчдад сургамж өгөх хэрэгтэй
Ямар ч зөвшөөрөлгүй барьчихаад нэгэнт хийчихсэн юмыг яаж ч чадахгүй, нураана гэвэл үлгэр хэмээн гүрийгээд хэвтчихдэг үзэгдэл нийслэлд хаа сайгүй байсан. Төрийнхөн ч нэгэнт барьсан болохоор хүний юманд хүрэх хэцүү, байх хэцүү байсаар хэсэгтээ ашиглалтад хүлээн авахгүй байсны эцэст арга буюу зөвшөөрөл өгдөг байлаа.
Тэгвэл ийм үзэгдэлд сургамж өгсөн нэгэн үйлдэл өчигдөр болжээ.
Нийслэлийн газрын албанаас энэ сарын 9-нд "Туушин зочид буудал” ХХК-д газар чөлөөлөх албан бичиг хүргүүлсэн байх юм. Улсдаа хамгийн том, өндөр зэрэглэлд ордог тус зочид буудал хүртэл хүний эрхийг бодолцолгүйгээр явган хүний замгүй том барилга барьсан нь монголчуудын төдийгүй гадаадын иргэдийн гайхширлыг төрүүлж байсан.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан "Нийслэлийн Засаг даргын 2015 оны A/993 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1400 метр квадрат газрыг танай компанид контор, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.
Танай компани нь Газрын тухай хуулийн 35.3.1-т "газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж зааснаар газар эзэмшүүлэх гэрээг зөрчин эзэмшилд олгогдсон газрын хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайд шат, автомашины орц гарц хийснээр явган хүний зам хаагдсан байх тул гаргасан зөрчлөө арилгаж, 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөрт багтаан газар чөлөөлөхийг мэдэгдье.
Заасан хугацаанд шаардлага биелүүлээгүй, чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57.4-т заасны дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, гарах зардлыг танай компани хариуцах бөгөөд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах үндэслэл болохыг анхааруулъя” гэсэн байдаг.
Ийнхүү мэдэгдэл хүргүүлсээр байтал "Туушин" зочид буудлынхан Нийслэлийн газрын албаны шаардлагыг үл тоож, "хаа нэг ингэж хуцаж л байдаг юм" гэж хайхралгүй хаясныхаа горыг өчигдөр амсав бололтой.
Учир нь дурдсан хугацаанд шаардлага биелүүлээгүй "Туушин" зочид буудлын хууль зөрчин барьсан автомашины орж гарах гарцыг өчигдөр албадан чөлөөлж эхэлсэн байна.
Үнэхээр ч "Туушин" зочид буудал нь хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн газарт явган хүний замыг хааж, зохих зөвшөөрөлгүй шат, автомашины орц, гарц барьсан үнэн болохоор яалтай ч билээ дээ. Харин хотын даргын шийдвэрээр ийнхүү иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн энэ мэт завхралд сургамж өгч байгаад үнэхээр "Браво" гэж хэлмээр байна.
Цаашид ч ийм дураараа дургигчид, шаардлагыг үл биелүүлэгчдэд хатуу хандаж, иргэдийнхээ аюулгүй байдалд анхаарч ажиллаарай гэж иргэд хүсч байна.