Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг иргэд шаардав
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан "Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хаасан автозам, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажил Улаанбаатар хотод өрнөж буй. Гэтэл иргэд олноор зочдог зарим газруудыг чөлөөлөхгүй байгаад иргэд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн юм.
Тодруулбал, Отгонтэнгэр их сургуулийн баруун талд хуучнаар "Гэр бүлийн дэлгүүр” байсныг буулгасан. Гэтэл тус газарт явган хүн явахад хүндрэлтэй болгожээ. Харин ойр орчмын айл өрхүүд болон иргэдийн мэдээлж байгаагаар тус хэсгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих ямар ч боломжгүй болгосон аж.
Мөн Чулуун овооны тойрог буюу банхарын хөшөөтэй тойргийн баруун талд явган хүний зам хааж, зөвшөөрөлгүйгээр дутуу баригдсан барилга баригдаад багагүй хугацааг үдсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барьсан дээрх барилгуудаас болж явган зорчигч, иргэд зам тээврийн осолд өртсөн тохиолдлууд цөөнгүй бүртгэгджээ.
Иргэд холбогдох байгууллагуудад удаа дараа хандсан ч одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Иймд дээрх ажлын хэсэг болон Нийслэлийн газрын албанд иргэд олон хүн зорчдог, төв зам дагуух газруудын нийтийн эзэмшлийн зам талбайд хааж баригдсан барилгуудын асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг шаардлаа.