Зөөгч нар бусдын картын мэдээллийг ашиглаж, 6 сая төгрөгийн хохирол учруулжээ

26
 

Зөөгч нар бусдын картын мэдээллийг ашиглаж, 6 сая төгрөгийн хохирол учруулжээ

 

Цагдаагийн газрын эх сурвалж "Залилагч нар зөөгч хийдэг юм” гэж хэлж байсан нь үнэний ортой.
Шүүгч нар ч бусдын картын нууц дөрвөн орныг ашиглаж, их хэмжээний залилан хийсэн этгээдүүдэд холбогдох шүүх хурал олон ордог талаар ярьж байв.
Сүүлийн үед иргэд бэлэн бус төлбөрөөр тооцоо хийхийг чухалчилдаг болсон билээ. Үйл ажиллагаагаа явуулж буй албан байгууллага болон зоогийн газар үйлчилгээний цэгүүд карт уншигч "Epos” төхөөрөмж ашиглан иргэдэд үйлчилдэг.
Энэхүү үйлчилгээний хялбар аргыг ашиглан Төрийн ордны хажууд байрлах Франц ресторанд ажилладаг зөөгч нар бүлэглэн үйлчлүүлэгч нарынхаа картнаас их хэмжээний мөнгө авсан хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, тус ресторанд зөөгчийн ажил эрхэлдэг 18-25 насны Н, Э, Д нарын гурван этгээд тооцоо хийхдээ карт ашиглаж нийт 19 иргэний картаас зургаан сая төгрөг авсан байна.
Тэд үйлчлүүлэгчдээс картынх нь 4 оронтой нууц кодыг асууж, төхөөрөмжид уншуулах явцдаа туузан мэдээллийг нь хуулдаг аж. Хуулсан мэдээллээ тусгай төхөөрөмж ашиглан олон удаагийн үйлдлээр бусдын картаас мөнгө уншуулдаг байжээ.
Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байна. Шалгалтын явцад урьдчилсан байдлаар 6 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэргийг үргэлжлүүлэн нарийвчлан шалгаж байгаа хэмээн албаны эх сурвалж мэдээлэв.
Иймд иргэдийг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж карт ашиглахдаа өөрийн нууц дугаарыг бусдад хэлэхгүй, өөрийн гараар хийж байхыг анхааруулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.