Хятадын эрдэмтэд "Терминатор" кинон дээр гардаг шиг робот бүтээж эхэлжээ

1035

 

Хятадын эрдэмтэд "Терминатор" кинон дээр гардаг шиг робот бүтээж эхэлжээХятадын эрдэмтэд жүжигчин Арнольд Шварцнеггерийн "Терминатор" кинон дээр гардаг, дүрээ өөрчилдөг, өөрийгөө эдгээх чадвартай "Т-1000" хэмээх алуурчин роботоос санаа аван шингэн металлаас бүтсэн нэгэн роботыг зохион бүтээжээ. Алганд багтахуйц хэмжээтэй тэрхүү роботын их бие нь хуванцар дугуй, жижиг батарей болон нэг дусал шингэн металлаас бүрдсэн байна. Металл дусал нь холбогдсон батарейн хүчдэлдээ тулгуурлан хүндийн хүчний төвөө өөрчилснөөр роботын дугуй эргэх механизмаар ажиллах юм.

Хэлбэрээ өөрчлөх чадвартай роботын анхны загвар болсон энэхүү роботыг Хятадын Сужоугийн их сургуулийн профессор Ли Шианфен, Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Жан Шиву тэргүүтэй эрдэмтдийн баг бүтээжээ. 

"Ирээдүйд бид газар хөдлөлтөд нэрвэгдэгсдийг аврах гэх мэт тусгай ажиллагаанд иймэрхүү шингэн металл биет роботуудыг ашиглаж эхэлнэ гэж тооцоолж байна. Учир нь ийм роботууд хэлбэрээ өөрчлөх чадвартай тул хүний хүрэх боломжгүй газар луу амархан орох боломжтой юм” гэж багийн гишүүн Тан Шиньян өгүүлсэн байна. Тэрээр 10 настайдаа "Терминатор” киног үзсэнээс хойш тийм роботын талаар байнга бодох болсноо мөн дурджээ.

Багийнхан зургаан жилийн өмнөөс цахилгаан дамжуулах өндөр чадвартай, гадаргуун тэлэлт сайтай, уян хатан чанар бүхий шингэн металлын нэгдлийг гаргахаар ажиллаж эхэлсэн байна. Удаан хугацааны туршилт шинжилгээний үр дүнд тэд "галлий" хэмээх элемент дээр суурилсан шингэн металлын нэгдлийг хүчдэл өөрчлөх замаар хөдөлгөх аргыг нээжээ. "Галлий" нь цахилгааны урсгал, хагас дамжуулагчид ашиглагддаг мөнгөлөг өнгийн зөөлөн материал ажээ. Шингэн төлөвт байхдаа тус материал нь мөнгөн устай төстэй бөгөөд асгарсан тохиолдолд дуслууд үүсгэн гадарга дээр тогтдог байна.

Тус дизайн нь хүн төрөлхтөн амьд организмыг санагдуулам уян биетэй роботыг зохион бүтээхэд нэг алхам ойртуулж чадсаныг тэдгээр эрдэмтэд онцолж байна. "Уян хатан чанар, энерги хувиргах чадвар сайтай ийм роботыг бичил хэмжээтэйгээр бүтээснээр хүний бие дэх хавдрын эсүүдийг устгах, эм бэлдмэл хүргэхэд ч ашиглах боломжтой” гэж профессор Ли Шианфен ярьжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>