Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө

654

 

 

Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө

 

УИХ-ынчуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө.

Улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнууд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан(ЖДҮХС)-гаас их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл нийтэд ил болсон. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өнгөрсөн сарын 30-нд Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. Энэ дагуу Засгийн газраас "Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай” тогтоолын төслийгөчигдөр буюу энэ сарын 05-нд УИХ-ын даргад өргөн барьсан гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдаанд танилцууллаа.

Энэ үеэр Д.Эрдэнэбат гишүүн, "ЖДҮХС болон нийгэмд үүсээд буй бусад асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой алхам хийхгүй байгаа Засгийн газрыг огцруулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд ёсзүйн хариуцлага хүлээж, Монголын ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй” хэмээв.

Түүнчлэн зээл өгснөөс гадна авсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг О.Баасанхүү гишүүн хэллээ. Мөн зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох, дараагийн сайдыг нэн даруй өргөн барих шаардлагатай байгааг цохон тэмдэглэв. Түүнчлэн ХХААХҮ-ийн сайдаар ажиллах дараагийн хүн "давхар дээл”-тэй байх эсэхийг тодрууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, "Миний бие намын даргын хувьд ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд мөнгөө эгүүлэн төлөх, ард түмнээс уучлалт гуйх чиглэл өгсөн. Хууль зөрчсөн эсэхийг хууль, хяналтын байгууллага шалгаж тогтооно. Харин зээлээ төлж, ард түмнээсээ уучлалт гуйж чадахгүй хүн байвал дахиж МАН-ын нэрийн өмнөөс нэр дэвшихгүй шүү гэдгийг мэдэгдье. Бид ард түмний бидэнд өгсөн итгэл, найдварыг бүрэн даах ёстой. Би тун удахгүй МАН-ынхаа бага хурлыг зохион байгуулж, өөрчлөлт, шинэчлэлийн асуудлуудаа ярилцана” гэсэн хариулт өглөө.

Маргааш буюу энэ сарын 07-нд Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг чуулган болон холбогдох байнгын хороогоор хэлэлцэх юм. Тиймээс ЖДҮХС-гаас зээл олгоход хэн нэгний дарамт, шахалт байсан эсэхийг Б.Батзориг сайд өнөөдөр нийтэд ил тод мэдээлэх хэрэгтэй гэдгийг Л.Болд гишүүн дурьдсан юм. Ингэснээр маргааш гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхэд хялбар байх болно гэв.

Харин Б.Батзориг "Миний бие ХХААХҮ-ийн сайдаар ажиллах хугацаандаа салбараа хөгжүүлэх, ард иргэдээ орлоготой, ажилтай байлгах зорилт тавин ажилласан. Энэ зорилтоо биелүүлэх чиглэлд хамтран ажилласан яамны болон салбарынхаа хамт олондоо баярлалаа. Ингээд Ерөнхий сайд болон хүнс, хөдөө аж ахуйн салбарынхнаас уучлалт хүсч байна” гэлээ.

Мөн үеэр Ж.Батзандан, С.Бямбацогт нарын гишүүд зөвхөн ХХААХҮ-ийн сайдыг огцруулаад Монголын төр, нийгэмд тулгамдсан асуудал шийдэгдэхгүй тул Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар эрх мэдлийн хуваарилалтыг сайжруулж, засаглалын тогтвортой байдлыг хангах шаардлагатай гэсэн санал хэлэв.Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн76хувь дэмжиж,тогтоолыг баталснаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>