Таван иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна

28

Таван иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна

 

Улсын хэмжээнд одоогоор Онцгой байдлын алба хаагчид таван иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд сураггүй алга болсон БНХАУ-ын хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа өнгөрөгч сарын 25-ны өдрөөс хойш үргэлжилж байна. 

Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хэрлэнгийн таван салааны гүүр” гэдэг газар Дэлгэрхаан сумын харьяат иргэн 52 настай, эрэгтэй энэ сарын 8-ны өдөр гэр рүүгээ харина гэж гараад сураггүй байна. Төв аймгийн Онцгой байдлын газарын алба хаагчид болон орон нутгийн иргэд, ар гэрийнхэн нь Хэрлэн голын Таван салааны модон гүүрнээс Жаргалант багийн “Гангын-Үзүүр” гэдэг газар хүртэл 9 км-т завьтай, таван удаа гүний шумбалт хийж, мөн голын эрэг дагуу 4 км-т явганаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй учраас эрлийг үргэлжлүүлж байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн нутаг “Хустайн” даваанд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан “Приус-11” загварын автомашинаас 47 настай эрэгтэй бие засах гэж буугаад сураггүй болсон тухай дуудлага өчигдөр орой иржээ. Энэ дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид зорчиж явсан хоёр иргэнтэй хамтарч "Хустайн" даваанаас урд чиглэлд төв замын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн өчигдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг “Хар” нууранд Улиастай сумын Жинст багийн харьяат иргэн 48 настай, эрэгтэй загас барихаар завьтай яваад сураггүй болсон тухай дуудлага иржээ. Тухайн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.