ХААСАН ХЭРЭГ ДАХИН СӨХӨГДӨХИЙН УЧИР...

19

ХААСАН ХЭРЭГ ДАХИН СӨХӨГДӨХИЙН УЧИР...

 

Ардчиллын удирдагч С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэлгүй 18 жил болсны эцэст ТЕГ гэнэт гурван иргэнийг “аллагыг гүйцэтгэсэн” хэмээн баривчилж, шүүхээс 20-24 жилийн ял өгч шоронд хорьсон. Энэ хүмүүс бол Орхон аймгийн иргэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар юм. Гэтэл Б.Булган “мөн” гэж хэлээгүйг зарим эх сурвалж хэлдэг.

Б.Булганы ээж Д.Байгальмаа “Хэргийг илрүүлсэн гэхэд итгэхгүй байна. Миний охиныг ямар нэгэн муу явдлын золиос болгох гэж байна” гэж хүртэл хэлж байв. Олон улсын парламентын холбоо “Хэргийг илрүүлсэн гэх ажиллагаа хүний эрхийг зөрчсөн биш биз” хэмээн санаа зовж байгаагаа илэрхийлсэн.

Олон нийтийн зүгээс өнөөг хүртэл хэргийг илрүүлсэн гэдэг нь зохиомол, тавилттай жүжиг хэмээн үзэж, эргэлзсэн, үл итгэсэн байдал байсаар байна. Мөн “Захиалагчийг илрүүлээгүй байж гүйцэтгэгч гэж гурван хүнийг ялласан нь учир дутагдалтай”, мөрдөн байцаалтын шатанд эрүүдэн шүүлтийн аргаар хэрэг хүлээлгэсэн байх магадлалтай, хүний эрх зөрчигдсөн гэсэн асуудлууд тавигдаж байгаа юм.

Тэгвэл Улсын ерөнхий прокуророос УИХ-ын Хуульзүйн байнгын хороонд тавьсан тайландаа “Хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг хэн ч шүүж, шүүмжилж ярих эрхгүй, хаалттай” хэмээн мэдэгдсэн. Прокурор хэргийг хаасан гэж байгаа ч хариу нэхсэн асуулт хөвөрсөөр байна.Өнгөрсөн долоо хоногт л гэхэд С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийн мөрөөр ял шийтгүүлэн хоригдоод байгаа Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа, өмгөөлөгч Г.Баянбилэг нар мэдээлэл хийлээ. УИХ-ын түвшинд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Хуульзүйн байнгын хорооны хурал дээр байр сууриа илэрхийллээ. Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшсэн С.Соёмбо-Эрдэнийг хэлэлцэхэд ч салбарын сайдын зүгээс дээрх хэргийн талаар сануулга сэрэмжлүүлэг өгөв. Хүний эрхийн комиссын 17 дахь илтгэлийг хэлэлцүүлэхэд ч тэрээр мөн байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ хэргийн талаарх онцлох эшлэлүүдийг хүргэе.

2018.11.12
 

Б.Жавзмаа: Ц.ЭЛБЭГДОРЖ, Э.БАТ-ҮҮЛ ХОЁРЫГ ШАЛГА





-Ц.Элбэгдоржийн захиалгаар ТЕГ-ын дарга Б.Хурц болон Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, тэдний тойрон хүрээлэгчид зохиомол хэрэг үүсгэсэн. Миний хүүг хэрэгт хилсээр гүтгэсэн. Анхнаасаа дарамталж, зовоож тусгайлан бэлтгэсэн өрөөнд ТЕГ-ын албан хаагчтай хамт байлгасан. Тэр хүн нь “Чи энэ хэргийг хүлээхгүй бол гэртээ эргэж харихгүй” гэж дарамталж, дээр нь рецедив гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатарыг оруулж “Хэргийг хүлээхгүй бол нүдийг чинь сохолж, чихийг чинь огтолно” гэж зодуулж, нүдүүлж байсан. Мансууруулах бодис хэрэглэн асуулт асуугаад, хавтаст хэрэг болгосон. Прокурорууд хэргийг үнэн, шударгаар нягтлан тунгааж, хүнийг хэлмэгдүүлэх вий гэдэгт хяналт тавьж байх ёстой. Гэтэл гүтгэлгээр хэргийг шийдсэн. Хийгээгүй хэрэгт бусдыг хилсдүүлж яллачихаад хэрэг хаагдсан гэж байгааг би эсэргүүцэнэ. Энэ хэрэгт Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг шалгах ёстой.
 

Өмгөөлөгч Г.Баянбилэг: ХЭРГИЙГ ХААХ БОЛОМЖГҮЙ


- Улсын ерөнхий прокурор нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг та нар хянахгүй гэсэн утгатай зүйлийг Хуульзүйн байнгын хорооны хурал дээр ярьсан. Хуульзүйн хувьд авч үзвэл энэ хэрэг хаагдах боломжгүй. Шинэ нөхцөл байдалд хэргийг шалгах боломж бий. Энэ бол нууцад хамаарах хэрэг биш. Хүн амины хэргийг эхнээс нь нууцад хамааруулж, харъяаллыг буруу тогтоож ТЕГ-т хариуцуулсан.

/Эх сурвалж: Үндэсний мэдээмийн төвд хийсэн хэвлэлийн хуралд хэлсэн үгээс/ 2018.11.14/

2018.11.14
 

Ц.Нямдорж: Б.БУЛГАН “АЛУУРЧИН БИШ” ГЭСЭН



-Энэ хэргийн нэг шүүгдэгчийн өмгөөлөгчөөр нууц албаны ажилтныг оруулсан. Амьдралдаа ганц удаа хэрэг уншиж үзээгүй, гадуур дагуул хийдэг байсан хүн Дээд шүүхэд бүртгүүлэнгүүт өмгөөлөгчийн эрх аваад тэгээд хамаагүй хэрэг хүлээдэг хүний өмгөөлөгчөөр шүүх хуралд орсон. Би баримттай юм ярьж байна шүү, С.Соёмбо-Эрдэнэ шүүгч ээ. Нэр ус нь хэрэгтэй бол надаас аваарай. Ингэж өмгөөлөх эрх гэдэг юм байхгүй болсон. Хоёрдугаарт, энэ хэргийг нууцлаад байгаа гол шалтгаан нь хэргийн цорын ганц гэрч Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй. Энэ хэрэгт холбогдуулж 10 сар хорьсон. Сүүлд нь хэрэгсэхгүй болгосон. Тэгсэн атлаа Б.Булганы гаргаж өгсөн гэх ам зургаар хүмүүст ял халдааж бүх насаар нь хорьсон. Гэрч нь амьд байсаар байтал үгийг нь авалгүй, сонсолгүй шүүх хурал хийдэг ёс Монголд тогтсон. Холбогдоод байгаа гурван хүн чинь биш гэдгийг нь тэр хүн хэлээд байсан учраас шүүх хуралд оролцуулаагүй. Сүүлд нь энэ хэргийн бүх будлианыг хутгасан Г.Эрдэнэбат гэдэг Ерөнхий прокурорын орлогч “Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ, тэгээд хамжигчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон” гэсэн. Хамжигч байсан нь үнэн юм бол хөөн хэлэлцэх хугацаа нь одоо мөрдөж байгаа хуулиар хугацаагүй байдаг. Хууль зүйн ийм мэдлэгтэй прокурор энэ хэргийн мөрдөлтийг удирдаж завхруулж, яллаж, Дээд шүүхэд прокурорыг төлөөлж орж будлиан хутгасан. Энэ хэргийн шалгалтын явцад 1937 онд хэрэглэж байсан адал балмад бүх аргыг хэрэглэсэн. Чангын чангад хоригдож байсан хоригдолд гар утас өгч бүтэн хоёр жил мессеж бичүүлсэн. Эндээс тусгай албаны ажилтныг Эрдэнэтэд аваачиж нэг хүнийг барьж авахын тулд тэр хүнтэй дэлгүүрийн гадаа зодоон хийлгэж хэрэг үүсгэсэн. Нэг эмэгтэйг барьж авахын тулд эмнэлэгт хэвтэж байхад нь хашаанд нь хүний хүүр хүртэл аваачиж хаясан, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэх гэж. Ийм л нөхцөлд энэ хэрэг таслагдсан. Одоо энэ хэргийн талаар үнэнийг хэлсэн болгоныг хоргоож айлган сүрдүүлж, хэрэг нээлгэх, захиалах бүх ажиллагаанууд хийгдэж байгаа.

/Дээд шүүхийн шүүгчийг нэр дэвшүүлсэн байнгын хорооны хуралд хэлсэн үгээс/
 


Ж.Батзандан: ХЭРГИЙГ ХУУРАМЧААР БҮРДҮҮЛСЭН...



-С.Соёмбо-Эрдэнэд хэлье. Монголын мафийн хийсэн гэмт хэргийг Дээд шүүх хамгаалдаг явдлыг одоо болиорой, та залуу хүн байна. Та очно, маргаашаас нь Ц.Зоригт дарамт үзүүлнэ. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх явцад Г.Эрдэнэбат гэдэг их сургуулийн багшаар тоглоод дууссан. Дараа нь тэр залууг Прокурорын орлогчоор тавьж байгаад, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих эрхийг нь өгч байгаад С.Зоригийг хөнөөсөн хэргийг хуурамчаар илрүүлсэн болж тэр прокурор залуугийн амьдралаар, ирээдүйгээр тоглоод дуусгасан. Одоо С.Соёмбо-Эрдэнэ таны амьдралаар наад мафи чинь тоглоно шүү. Болгоомжтой байгаарай.

/Хууль зүйн байнгын хорооны хуралд хэлсэн үгээс/

Ц.Нямдорж:

-С.Зоригийг хөнөөсөн хэргийг хуулийн байгууллага шийдсэн асар их булхайн талаар ХЭҮК дуугарахгүй байгааг гайхаж байна. Нууц гэдгээр бас айлгачихсан шиг байгаа юм. Монголд 1937 он амилж, хуулийнхан хүсвэл хэнийг ч хэлмэгдүүлж болдог болох нь. Тэгээд хэлмэгдүүлснээ хэргийг нууцын зэрэгт оруулах байдлаар хаадаг. Захиалгаар хэрэг шийдвэрлэдэг, захиалгаар ажилладаг шүүхтэй, прокурортой, цагдаатай, авлигатай, тагнуултай болсны шинж энэ асуудлаар харагдаад байгаа юм. Би Д.Бямбадорж даргад энэ асуудлыг ярьсан. Хүний эрхийн Үндэсний Комисс цаашаа дуугарч байгаасай.

/ХЭҮК-ын 17 дахь илтгэлийг хэлэлцэх үеэр хэлсэн үгээс/
 

Л.Болд: БУРУУГҮЙ ХҮМҮҮСИЙГ ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ЯЛЛААД ШОРОНД ХИЙЧИХСЭН



Хууль зүйн сайд нь яриад байна шүү дээ, “Энэ хүмүүс биш” гэж гэрчлээд байхад гурван шатны шүүхээр яллаад шоронд хийчихсэн. Бид Хүний эрхийн дэд хорооныхонтой уулзсан. Тэр гурван хүн бидэнд ямар мэдэгдэл хийж байгааг хэлсэн, өөрсдийнх нь өргөдөл гомдлууд ч байгаа. Олон улсын байгууллагуудын эргэлзээ, санал дүгнэлт гарчихсан. Хүний эрхийн үндэсний комисст хандахаар “Энэ асуудал руу орж болохгүй байна” гэдэг, ийм л нөхцөл байдалтай байгаа. Аргаа бараад, үнэн мөнийг олдог газар байхгүй болоод бид УИХ-ын түвшинд Түр хороо байгуулах гээд УИХ-ын даргаас цаг хүлээж байна. Түр хороон дээрээ бид энэ асуудлыг маш тодорхой ярина. Яагаад 2017 онд, өмнөх Засгийн газрын үед Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацааг энэ бүх шатны шийдвэртэй уяддуулж С.Зоригийн хэрэг дээр дуусгах оролдлого хийж вэ. Цаашдаа хэргийг бүрхэгдүүлж, хэн нэгэн хүнд үүрүүлээд өнгөрөөж байгаа юм шиг явах аваас энэ бол хүний эрхийн хамгийн том зөрчил, дэлхийн анхааралд өртсөн зөрчил шүү дээ. Үүнийг Монгол Улс өнөөдөр ойлгомжтой маш тодорхой болгохоос нааш бид цаана нь гарна гэж байхгүй.

/ХЭҮК-ийн 17 дахь илтгэлийг сонсох үеэр хэлсэн үгээс/.

 

З.Энхболд: ТАВАН УДАА САЙД ХИЙХДЭЭ ГАНЦ ХЭРЭГ ИЛРҮҮЛЧИХЭЖ ЧАДААГҮЙ



 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд улсын төсвийг хэлэлцсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Нямдорж сайд зөнөсөн. Тэр таван удаа Хуульзүйн сайд хийхдээ С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдэж чадаагүй. Түүний өмнө найман жил прокурорт ажилласан. Насаараа хуульзүйн байгууллагад ажиллачихаад ганцхан эрүүгийн хэргийг шийдэж чадахгүй байна. Ийм хүнийг уймраа, зөнөсөн гэхгүй юу гэх юм” гэв.

Ийнхүү өнгөрсөн долоо хоногт С.Зоригийг хөнөөсөн хэрэг, түүнд холбоотой хэмээн шүүхээр шийтгүүлсэн гурван иргэний талаар эх сурвалжууд Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаан, Монгол Улсад Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ХҮЭК-ын 17 дахь илтгэлийг хэлэлцүүлэх үеэр нийт 5-6 удаа онцлон дурллаа. Үүнийг холбогдох байгууллагууд нь зүгээр л сонсоод өнгөрөх үү. Хүний эрхийн зөрчил дээд цэгтээ хүрсэн гэх гомдлын хажуугаар бүгд нүд, чихгүй мэт өнгөрөөд явчихаж болохуу. Цаашдаа нэгнь ярьдаг, нөгөө нь сонсоод өнгөрдөг жишиг тоггох уу. Энэ асуултын хариуг хэзээ нэг мөр болгож, шударга ёсонд нийцүүлэн үнэн зөв шийдвэрлэж, олон нийтэд зарлан мэдээлэх бол гэсэн хүлээлт нийгэмд байна.

Зууны мэдээ
Ч.Үл-Олдох

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.