Гал дээр тос нэмсэн алтны татвар

624

Тусгай зөвшөөрөлтэйгөөр алт олборлож буй аж ахуйн нэгжүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 2.5 хувийн татвар төлдөг. УИХ 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж 2019 оны нэгдүгээр сарын 1 хүртэл алтны татварыг 2.5 хувиар тооцохоор баталсан юм. Энэхүү хуулийн үйлчлэл хэдхэн хоногийн дараа хүчин төгөлдөр бус болох гэж байгаатай холбогдуулан Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төслийн агуулга нь алтны 2.5 хувийн татварыг цаашид үргэлжлүүлэх юм. Хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн ээлжит хуралдаанаараа уг төслийг хэлэлцээд дэмжихгүй байх шийдвэр гаргажээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас оруулж ирсэн бүх хуулийн төслийг дэмжиж ирсэн УИХ дахь МАН-ын бүлэг энэ удаад алтны татварыг 2.5 хувиар тооцож үргэлжлүүлэхийг дэмжээгүй нь улс төрийн шалтгаантай бололтой. Алтны олборлолт, татварын хувь хэмжээ тогтоох асуудал нь үеийн үед УИХ-ын гишүүдийн улстөржилтийн гол сэдэв болсоор ирсэн. Энэ удаад ч энэхүү уламжлал давтагдах нь. Товчхондоо алтны татварыг цаашид хэвээр хадгалах санал нь хоёр хуваагдчихаад байгаа эрх баригчдын хэрүүл тэмцэлд гал дээр тос нэмсэнтэй адил зүйл боллоо. Үүнтэй холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нарын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.   

Д.Сумъяабазар: -Алтны салбарт тодорхой ахиц дэвшил гаргах үүднээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс алтны татварыг хуучин хэвээр нь хадгалах саналыг оруулж байгаа юм. УИХ-аас 2014 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт буюу Монголбанк, арилжааны банкны худалдан авсан алтны нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байх заалтын хэрэгжилт 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болж байна. Үүнтэй холбоотойгоор алт олборлогч болон худалдан авагч хуулинй этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулан худалдах, нуух, хадгалах, татвараас зайлсхийх зорилгоор арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барилцаалах зэрэг шударга бус далд үйл ажиллагаа бий болох нөхцөл ажиглагдаж байгааг хэлж байна. Хуулийн дээрх заалт хэрэгжиж эхэлсэн таван жилийн хугацаанд банкинд тушаасан алтны хэмжээ 12 тонноос 20 тонн болж өссөн нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн нь тухайн заалтыг цаашид мөрдөх нь зүйтэй гэдгийг харуулж байна. 

Д.Тэрбишдагва: -Ашигт малтмалын тухай хуульд 2014 онд оруулсан өөрчлөлт их ноцтой. Монгол Улс 68 хувийн татвараа авч чадахгүй байна гэдэг шалтгаанаар гэнэтхэн бууруулж 2.5 хувь болгосон. Хасах 40 градусын хүйтнээс нэмэх 40 градус руу шилжиж байгаа юм шиг зүйл болсон л доо. Тухайн үед эсэргүүцээд ядаж таван хувь болгох санал гаргаж байсан боловч дэмжигдээгүй. Одоо 2.5 хувиар тооцсон хуулийн энэ заалтыг үргэлжлүүлэх хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Уг нь манай Ерөнхий сайд сахилга хариуцлага, шударга ёсны тухай, шүдтэй, шүдгүй арслангын тухай их ярьж байгаа. Одоо үүн дээр Ерөнхий сайд шүдээ үзүүлэх хэрэгтэй. Энэ татварын хувь хэмжээг таван хувьд хүргэх хэрэгтэй. Ингээд нэмчихээр татвараа авч чадахгүй гэсэн ойлголт байхгүй. Сахилга хариуцлага чинь эндээс эхлэх ёстой юм биш үү. Лобби ороод 2.5 хувь болгож байсан юм. Харин одоо ингэж болохгүй.

 

Eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>