Харьж яваа цагийн хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй

651

Хууль зүйн дэд сайд асан Д.Энхбаяр “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Түүнийг дэд сайдаас чөлөөлөх болсон шалтаг шалтгаан болон Ц.Нямдорж сайдын оролцооны талаар болсон явдлыг илэн далангүй ярьсан байна лээ. Урьд өмнө ажлаа өгсөн эрхмүүд дундаас энэ дайны үндэслэлтэй ярьсан нь үгүй л болов уу.

Түүний ажлаа өгсөн шалтгаан олон нийтийн таамаглаж байсанчлан ЖДҮ-гийн асуудал, УИХ-ын даргыг огцруулах энэ тэрээс хамаагүй өмнө бололтой юм. Тодруулбал, дэд сайдын ажил авангуутаа Хөгжлийн банкинд хийсэн шалгалт, хушны самар экспортолж байсан хоёр компанид тавьсан татварын өр төлбөрөөс болсон бололтой.

МАН сонгуульд ялж, засгийн эрх авангуутаа хамгийн түрүүнд хийсэн ажил нь Хөгжлийн банкинд хийсэн шалгалт. Шалгалтаар 1,3 их наяд төгрөгийг зөрчил илэрсний дотор манай “номер нэг”-ийн төмөр замын 280 сая доллар багтаж байгаа. 1,3 их наяд гэдэг нь одоо яриад байгаа 60 тэрбумын асуудлаас 20 дахин их мөнгө. Тэр үед тэр эрхэм “Чамайг намынхнаар чинь дамжуулж зайлуулна” гэсэн нь өнөөдөр ингэж хэрэгжиж байгаа бололтой юм. Шалгалтын дүнг МАН-ын бүлэг болон Засгийн газрын хуралдаанаар хаалттай хэлэлцэж, нууцын зэрэглэлд оруулсан болохоор одоо хэр нь хэний, ямар компанитай холбоотой хэдэн тэрбумын асуудал яригдаж байгааг бид мэдэхгүй. Ямартай ч сая ЖДҮ, 60 тэрбум гээд дороо дэвхцэж байх хооронд төмөр замын 280 сая долларын хэргийг хэрэгсэхгүй болгож, Аж үйлдвэрийн паркийг “эдийн засгийн үр ашиггүй” гэж үзээд татан буулгах Засгийн газрын шийдвэр гарсан гэсэн. “Номер нэг”-ийн хувьд асуудлаа шийдүүлээд авсан гэсэн үг. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхийн шаардлагаар огцруулах тухай хуулийн төсөл өргөн барьсны дараа гэхээр бүр ойлгомжтой.

Дэд сайд Б.Энхбаяр хамгийн сүүлд Эрдэнэтийн 49 хувь буюу “Монголын зэс” компанитай холбоотой шүүхийн маргаанд Засгийн газрын төлөөлж ороод дээд шүүх дээр ялсан гэнэ. Шүүхийн тогтоолоо гардаж аваа ч үгүй байхдаа ажлаа өгсөн юм байна. Тэр нь “Монголын зэс” компани өөрийн эзэмшлийн Төмөртийн орд руу тавьсан 35 км төмөр замыг төрд шахаад мөнгийг нь төсвөөс гаргуулсан асуудал л даа. Төмөр зам барьсан үндэсний зомпани 60 тэрбум ч билүү төгрөгөөр барьсан гэдэг, харин “Монголын зэс”-ийнхэн цааш нь 100 гаруй сая доллараар шахсан (дээд шүүхийн тогтоол бичгээр гарсан хойно тоо энэ тэр нь тодорхой болох биз) асуудал яригддаг юм. Ер нь бол энэ тохиолдолд худалдаж байгаа талаас илүү худалдан авч байгаа тал нь буруутай ч үнийн хувьд барьсан, зарсан хоёр арай л хол зөрүүтэй, төсөвт хохиролтой гарсан байгаа юм.

Уг нь барих , ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй байснаа сүүлдээ барих, шилжүүлэх нөхцөлтэй болгож өөрчлөөд төсвөөс шууд мөнгөө авсан. Төмөр замыг 2015 онд хүлээлгэж өгсөн гэвэл тухайн үеийн Засгийн газарт хамаатай асуудал. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан мөнгө ч энэ мэтээр бий болсон байх магадлалтай.

Уг нь бол Ц.Нямдорж сайд 49 хувийг баалдаг, шургадаг, үзэн ядаж харагддаг ч яг тодорхой асуудлууд босоод ирэхээр дуугүй болчихдог гэмтэй. Дэд сайд нь ярьж байна. 49 хувьтай холбоотой Захиргааны шүүхийн маргаан дээр намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилуулчихаад шүүх хурал болохоор “битгий оч” гэсэн гэж. Ялагдуулах сонирхол анхнаасаа байсан уу, ямар шалтгаанаар ингэсэн бэ гэдгээ өөрөө тайлбарлах биз. Харьж яваа цагийн хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй гэж үнэн аж. Сайдаасаа хэтийдчихсэн дэд сайдаар энэ хүн яах вэ дээ.

Ер нь бол замаасаа Б.Энхаярыг зайлуулах шалтгаан нэг хоёроор тогтохгүй байсан бололтой. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар байсан гэхээр сүүлийн нэг жил гаруйн асуудал. ЗГХЭГ-ын дарга нь Засгийн газраас томилогдсон төлөөлөгчөө дуудаж авчираад “Компани эвлэрье гэж байна, том хүний ар тал байгаа юм” гэж шахаад явж байна гэдэг бас л “бүдүүн” зүрх шүү. Нэг эзэнтэй гурван компанийн (их том хүний ар тал юм гэсэн) нийлсэн 8,5 тэрбумын татвар төлөхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаад, Засгийн газар нь төлүүлнэ гэхээр ХЭГ-ын дарга “төлүүлээд яах юм бэ, эвлэрчих” гээд явж байдаг. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ийм л хоёр нүүртэй сайд нар ажилладаг юм байна.

Б.Заяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>