ЖДҮ-чид бүдгэрч байна

655

 

ЖДҮ-чид бүдгэрч байна

 

Ард түмнийхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чин УИХ-ын гишүүд хууль дуудсан цагт зангиагаа засаад, гутлаа өмсөөд очих ёстой. Гэтэл тэд УИХ-ын гишүүн гэдэг халдашгүй эрхээ бамбай болгож хуулийнханыг дорд үзэж буй нь эмгэнэл. Тухайлбал, хууль хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир,Б.Ундармаа, Л.Энхболд нарыг ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэрээр зээл авсан. Ингэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татан дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтэй буйгаа Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-д хүргүүлсэн ч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн тэднийг хамгаалж үлдсэн.

Тэднийг үйлдсэн хэргийг Ерөнхий прокурор ингэж тайлбарлав

Уг нь тэднийг гэмт хэрэг ингэж үйлдсэн тухайг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ийнхүү хэлж байсан юм. Тэрбээр "Одоо бидний яриад байгаа хүмүүсийн оруулж ирсэн төсөл анхы шүүлтүүрээр буюу 1,041 төслөөс л хасагдчих байсан төслүүд. Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны үндсэн дээр тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг прокурор нягтлаад үндэслэлтэй гэж үзсэний үндсэн дээр хийж буй ажил. Өөр гишүүдийн асуудал ч шалгагдаж байгаа. Шаардлагатай бол бас оруулж ирнэ.

Бүх зээл барьцаатай гарсан байхад ганцхан Д.Дамба-Очир гишүүн барьцаагүй зээл авсан байна. Тэрбээр өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү М гэгч иргэнтэй нийлээд уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан. Гөлтгөний үйлдвэр барина, үйлдвэрийн тоног төхөөрөмж авна гэсэн нэрийн дор зээл аваад тал мөнгийг нь уурхайн ажил руу хийсэн, талыг нь зээл авсан хүмүүс хуваагаад авчихсан байгаа юм.

Зээлийн материалын бүрдүүлэлт, төсөл бодит байх ёстой. Г.Солтан гишүүний хүүгийн компани зээлийн материал бүрдүүлж өгөх хугацаанд жижиг дунд үйлдвэрээр бүртгэгдээгүй байсан. Тэгэхээр зээл авах шаардлага хангаагүй гэсэн үг. Зээлийн материалд бүрдүүлж өгсөн бичиг баримтыг нотариатаар батлуулж өгөх ёстой байсан. Гэтэл зүгээр хуулбарлаад өгсөн байна. Ингээд зээлийн мөнгө гишүүний эхнэрийн данс руу ороод банканд хүүлэгдсэн.

Л.Энхболд гишүүний хувьд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад нөлөөлж зээл авсан байна. Авахдаа төсөл хэрэгжүүлье гэж бодоогүй. Харин өөрийнхөө бусдаас авсан зээлийг буцааж төлөх зориулалтаар авч, үйл ажиллагаа өрнөж ээ гэдэг нь мөрдөн байцаалтын явцад шалгагдаж нотлогдоод байна.

Б.Ундармаа гишүүний хувьд УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-нд урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан "Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан "улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэсэн юм.

Хэрвээ УИХ-ын гишүүд тэднийг хамгаалаагүй бол тэд хуулийн өмнө зангиагаа засаад, гутлаа өмсөөд очих байсан. Гэтэл бүрэн эрхтэйгээ үлдсэн ЖДҮ-чин гишүүд АТГ-аас яллагдагчаар татах прокурорын тогтоолтойгоо ч танилцахгүй зугтаж хуулийнхнаар доог тохуу хийж
мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа аж.
Түүнчлэн дээрх нэр бүхий дөрвөн гишүүнээс гадна АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид УИХ-ын 23 гишүүнийг яллагдагчаар татан шалгах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлэхээр болсон тухай мэдээлэл ч байгаа. Тодруулбал, ЖДҮХС-аас нийт 134 аж ахуй нэгж зээл авсан байгаагаас 122 нь УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компани байсныг шалгалтаар тогтоогоод байгаа аж. Эцэст нь хэлэхэд ЖДҮ-чин гишүүдээ бултаараа мартах уу, яах уу.

Нийгийн толь

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>