Уурхайн гүнд усны ундарга байгаагаас аврах ажиллагаа удаашралтай байна

586

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд нуранги үүсч дөрвөн иргэн дарагдаад байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн. Аврах ажиллагааны явцын талаар Онцгой байдлын ерөнхий газрын, Олон нийттэй харилцах төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш.Анхтуяагаас тодрууллаа.

Тэрээр “Төв аймгийн Заамар суманд орших “Эко Алтан Заамар” компанийн ашигт малтмал олборлолтын 100 метрийн гүнтэй ил уурхайд нуранги үүсч, хоёр автомашин зургаан иргэн дарагдсан тухай мэдээлэл Онцгой байдлын албанд ирсэн. Осол болсон даруйд тус компанийнхан хоёр иргэнийг эсэн мэнд гаргаж авсан.

Өнөөдрийн байдлаар дөрвөн хүн, нэг бульдозер, нэг экскаватор машин нурангинд дарагдсан байдалтай байна. Ослын газарт Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа С.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн 20 алба хаагч өчигдөр орой ослын газарт очсон. Өнөөдөр хойд бүсийн төв, Орхон аймгийн Онцгой байдлын алба болон Үндэсний аврах ангиудаас аврагч нар хүч нэмэгдүүлэн очиж, нийт 30 алба хаагч эрэн хайх аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Ослын газрын нөхцөл байдлын тухайд, уурхайн нурангин доороос усны ундарга илэрсэн, ус урсаж гарч ирж байгаатай холбоотойгоор аврах ажиллагаа хүнд нөхцөлд явагдаж байна. Юуны түрүүнд усыг шавхах, түүний дараа уурхайн гүн рүү ухах ажиллагаа явуулна” гэлээ.

Б.Гантуяа  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>