Талийгаачийн ар гэрийнхэн “Эко алтан заамар”-тай тохиролцохгүй гэв

607

“Эко Алтан Заамар” компанийн уурхайд болсон ослын үеэр амиа алдсан иргэдийг өнөөдөр хөдөөлүүлж байгаа юм байна. Тиймээс осолдсон иргэдийн нэгнийх нь ар гэрийнхэнтэй утсаар холбогдож, зарим зүйлийг тодруулахад “Бид “Эко Алтан Заамар” компанитай тохиролцоо хийхгүй. Өнөөдөр талийгаачийг хөдөөлүүлж байна. Тэдний буруугаас бол дөрвөн иргэн амиа алдчихаад байхад бид яагаад тохиролцох ёстой гэж. Дахиад ийм осол болж аавын хүү, ээжийн охин алтан амиа алдаж, эцэг, эх нь шар махтайгаа хатаж хоцорвол яах вэ. Тиймээс бид тохиролцохгүй. Үүнийх нь хариуцлагыг хүлээлгэх ёстой” гэсэн юм.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” компанийн уурхайн хөрсний нурангид зургаан иргэн өртснөөс дөрвөн иргэн амиа алдсан билээ. Уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг гаргаж авахын тулд аврагчид энэ сарын 1-9-ний өдрийн хооронд тасралтгүй ажилласан юм. 

Осол гарсан тус уурхай нь Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Баян” Базараагийн эзэмшлийнх гэгддэг. Осол гарсны дараагаар газар хөдлөлтөөс болж ийм осол боллоо гэсэн мэдээллийг зохион байгууллалттайгаар тараасан боловч мэргэжлийн хүмүүс уурхайн ХАБ-ын ажиллагаа алдагдсан, олбоглолтын горим зөрчнөөс осол болсон гэж үзэж байгаа юм. Тиймдээ ч цагдаагийн байгууллагаас “Эко Алтан Заамар” компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл бий юм.

Тус уурхайн эзэн гэх “Баян” Базараагийн зүгээс амиа алдсан ажилчдынхаа амийг 36 сарын цалин, хоёр өрөө байраар үнэлсэн гэх бөгөөд үүнийгээ талийгаачийн ар гэрийнхэнд санал болгосон байна. Харин талийгаачийн ар гэрийнхэн түүнтэй тохиролцохгүй гэдэг байр сууриа хэлсэн нь энэ юм.

Б.Лхам

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>