МЯНГАНЫ ЛУЙВАР: Гуя дагасан хүзүү буюу “Монголросцветмет”
Жилд 320-500 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг "Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалыг тойросон асуудлууд олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байгаа. Ганцхан жилд олох энэ хэмжээний цэвэр ашгийн төлөө хувь, хувьсгалын хэнбугай ч 49 байтугай 10 хувийг нь авах гэж улайрахаас аргагүй. 2016 оны сонгуулийн санал хураах өдөртэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн баяр хөөртэй мэдэгдсэн 49 хувийг хувьчилснаас хойш өнөөдөр бараг 3 жил болжээ. Энэ хугацаанд төр, засаг өнөөдрийнх шиг шийдмэг шийдвэр гаргаж байсангүй. Эрдэнэтийн 49 хувийг хувьчилж авсан үйл явц, худалдан авсан гэх санхүүгийн схемийг үндэслэн онцгой дэглэм тогтоон улмаар Монголын төр Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болгосноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцээд ганц Эрдэнэт үйлдвэр биш Монголросцветмэт нэгдэл болон энэ хоёр компанийн мэдэлд байсан ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын нийт 42 лиценз мөн Монголын төрд буцан ирлээ.