“Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г охин компаниар дамжуулан гаргана
“Эрдэнэс Тавантолгой”- IPO гаргах асуудал хүлээгдсээр энэ онд багтаж гаргах эсэх нь эргэлзээ төрүүлсээр байсан юм. Өөрөөр хэлбэл төрийн өмчийн компани гадны хөрөнгийн биржид хөрөнгө босгоно гэдэг нэлээд цаг хугацаа шаардлагатайгаас гадна олон улсын стандартыг хангахгүй гэдэг нь тодорхой гэдгийг мэргэжлийн экспертүүд өмнө нь ярьж байсан. Тэгвэл энэ ажил нааштай болж бэлтгэл ажил сайн хангагдаж байна. Харин охин компани байгуулах шаардлагатай болжээ.
Тиймээс ирэх баасан гарагт Засгийн газрын хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд охин компани байгуулж, түүгээр дамжуулан IPO гаргах нь цаг хугацаа болон стандартын шаардлага хангахад тохиромжтой гэж үзсэн хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм. Түүнчлэн Казахстан улсын жишээ татахад Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргасан тус улсын томоохон компани IPO гаргахад бэлтгэл ажил нь 2.5 жил үргэлжилж байсан. Тиймээс бид охин компани байгуулах шаардлагатай байна хэмээн тодотголоо.
Мөн энэ үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох нь тогтсон стандарттай байдаг. Монгол Улсын хувьд төрийн өмчит компани анх удаа IPO гаргах гэж байгаа учраас тодорхой асуудлууд тулгарч байна. Дотооддоо холбогдох бичиг баримт, нөөцийн баримт, санхүү, хөрөнгө оруулалт, засаглалын менежмент гэсэн чиглэлүүдээр шаардлагатай хэм хэмжээ тогтоосон акт, дүрэм журам зэрэг холбогдох бүх асуудлыг эхний ээлжинд цэгцлэх ёстой. Дараа нь энэ бүхнийгээ орчуулуулдаг. Эдгээр ажил 80 гаруй хувьтай байна. Үндсэндээ дотоодоос шалтгаалах бэлтгэл ажлаа бүрэн хангасан гэж хэлж болно. Сайдын хэлсэнчлэн охин компани байгуулаад, үүгээр дамжин IPO гаргах нь Монгол Улсын хувьд нөөцөө авч үлдэх хувилбар гэж үзээд, охин компани байгуулахаар ажиллаж байна. Компанид дөрвөн зөвлөх болон санхүүгийн шинжээчид, аудитын байгууллага ажиллаж байна” гэлээ.
Төрийн өмчийн компанийн дэргэд охин компани байгуулснаар нөөцөө авч үлдэх давуу талтайг онцолж байсан юм. Хэрэв охин компани байгуулах санал дэмжигдвэл IPO хийх ажлыг гүйцэтгэж байгаа одоогийн баг тус компанид шилжин ажиллах учраас ажил хүлээгдэлгүй урагшлах болно гэж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.МЯГМАРБАЯР