"Эрдэнэс Тавантолгой"-н охин компанийн удирдлагаар Х.Наранхүүг томилох тухай шийдвэр ТУЗ-д ирээгүй

541

Иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг хүртээх, олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргах асуудлаар төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн жилүүдэд анхаарлын төвд ороод байгаа. Хэдийгээр ногдол ашиг тараах, хувьцаагаа арилжаалах хугацаа хойшилсон ч бэлтгэл ажил хангагдаж байгааг албаныхан хэлж буй. Түүнчлэн Засгийн газрын өнгөрсөн сарын 9-ний хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 296 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж, хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн бүртгэлийг 2019 оны арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт багтаан дуусгаж, үр дүнг танилцуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг гадаад улсын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, арилжаалах бэлтгэл ажлыг хангуулахыг даалгасан юм. Түүнчлэн олон улсын хөрөнгийн зах зээлээс боломжит богино хугацаанд, хамгийн бага зардлаар хөрөнгө босгох зорилгоор холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудыг байгуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд MY-011943 дугаар бүхий Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компанид эзэмшүүлэх болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгох, 70 буюу түүнээс доошгүй хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК эзэмшиж байхаар зохион байгуулахыг даалгасан. Мөн гадаад улсын хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалах үйл ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, түүнтэй холбогдсон татвар зардлын хэмжээг хамгийн бага байлгах чиглэлээр зохих арга хэмжээ авч ажиллахыг даалгажээ. Товчхондоо, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тодорхой хэсгийг олон улсын зах зээлд гаргахын тулд зүүн Цанхийн нэг хэсгийг тусад нь гаргасан гэж тайлбарлаж болох юм.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн сард энэ талаар тайлбарлахдаа,  “Одоо байгаа компаниараа хөрөнгийн бирж дээр гарна гэхээр зургаан орд дээр найман тусгай зөвшөөрөл байгаа. Түүний хоёр тусгай зөвшөөрөлтэй орд буюу баруун, зүүн Цанхид үйлдвэрлэлийн нөөцүүдээ тооцоолоод ТЭЗҮ-ээ үндэслэн олборлолт хийж байна. Бусад ордууд хайгуул дахин хийх, нөөцийг дахин баталгаажуулах шаардлагатай. Тэгэхгүйгээр бөөнөөр нь хөрөнгийн бирж дээр гаргах нь эрсдэлтэй. Тийм учраас баруун, зүүн Цанхийн аль нэг нь охин компани хэлбэрт орж байж хөрөнгийн биржид гаргах нь зүйтэй хэмээн салбарын сайдын хувьд үзэж байгаа. Нэг дор бөөнөөр нь гаргах уу эсвэл нөөцөө өсгөөд хөрөнгийн үнэлгээгээ үе шаттай хийгээд явах уу гэдэг дээр зөвлөлдсөн. Нийт найман тусгай зөвшөөрлийнхөө биш зөвхөн зүүн Цанхийн 30 хувийг хөрөнгийн бирж дээр гаргах байр сууриа Засгийн газарт танилцуулсан. Энэ асуудлыг дахин хэлэлцэж шийдэхээр болсон. Охин компани байгуулах асуудлыг 2018 оны ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулаад зөвшөөрлөө авчихсан. Одоо Засгийн газрын шийдвэр гаргуулахаар ажиллаж байна” гэсэн юм.

Мөн  “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мөн тэр үеэр  “Олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийх тогтсон стандарт гэж байгаа. Монгол Улсын хувьд төрийн өмчит компаниа анх удаа гаргах гэж байгаа учраас дотооддоо бичиг баримт, нөөцийн мэдээлэл, санхүү, хөрөнгө оруулалт, засаглалын менежментийн чиглэлээр тогтоосон дүрэм, журам, акт гээд бүх асуудлаа зохицуулах ёстой. Ингээд бүгдийг нь орчуулганд өгдөг. Олон улсын шинжээч, санхүүгийн стандартад нийцсэн хэлбэрт оруулдаг. Охин компани байгуулаад, охин компаниасаа IPO гаргаж, тэндээсээ хөрөнгө босгох хувилбараар түлхүү ажиллаад явж байна. Компани дээр олон улсын дөрвөн зөвлөх, санхүүгийн шинжээч, аудитын байгууллага ажиллаж байгаа. Охин компани байгуулагдсан тохиолдолд манай IPO хариуцсан нэгж болон гаднын байгууллагууд тийшээ шилжиж ажиллана" гэсэн.

Тэгвэл хэвлэлээр “Эрдэнэс Тавантолгой”-н охин компанийн захирлаар УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар ажиллаж байсан Х.Наранхүүг томилсон тухай мэдээлэл гараад буй. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас тодруулахад “Ийм мэдээлэл манай компанийн ТУЗ-д ирээгүй байна” гэсэн юм. Ингэхээр дээрх мэдээлэл албан ёсны болоогүй байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: EAGLENEWS.MN

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>