Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа, өлсгөлөн зарласан иргэнийг анхааралдаа авна уу
Ажил орох гэсэн иргэнийг жингийн илүүдэлтэй гэсэн шалтгаанаар ажилд аваагүй аж. Уг нь иргэн Ц.Чинбат нь шалгалтандаа маш сайн тэнцжээ. Тиймээс тэрбээр Хүний эрхийн Үндэсний коммисст хандсан байна. Тус байгууллагаас "Хүний эрхийг зөрчсөн” гэсэн дүгнэлт гаргасан байна.
Удаа дараа удирдлагуудтай нь уулзах гэсэн ч түүний санал хүсэлтийг амаар ч бичгээр ч хүлээж авах албан тушаалтан олдоогүй учраас тэрбээр өлсгөлөн зарласныг эх сурвалж өгүүлжээ.
Иргэн Ц.Чинбат нь шаардлагадаа "Миний тэмцэл үргэлжлэх болно. Нийт 97 хүнээс нэгдүгээр байрт шалгарч тэнцсэн байхад ажилд авахгүй байгаа нь хүнийг ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж буй үйлдэл.
Миний тэнцсэн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж намайг ажилд авах хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж бичсэнийг эх сурвалж дурьджээ.
Жирийн Монгол залуу шударга ёс, тэгш эрх, хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө тэмцэж байгаа нь олон улсад ч яригдаад эхэлсэн сурагтай.
Ийм мэдээлэл цахим орчноор цацагдаад 2 хонолоо. Төр засгийн зүгээс ч, Оюу толгой” ХХК-ийн зүгээс ч тэр сураг алга.
Монгол Улсад ажил олгогч ажилтан хоёрын дунд гардаг байнгын зөрчил мэтээр үүнийг харж байгаа бол том эндүүрэл.
Иргэн Ц.Чинбат гэгчийн ажил хийх, тэр тумсаа тухайн компанид ажиллах чин хүсэл эрмэлзэл, түүнд мятаршгүй зориг зүрх байгааг энэ байгууллага яагаад олж харж чадахгүй байна вэ.
Аль эсвэл ажилчдаа сонгон шалгаруулж авах нэрээр авлига авдаг болоод бор зүрхээрээ яваа энэ залууг голов уу. Ер нь энэ хэдэн "толгойнууд”-д ажилд ороход заавал танил тал, ар өврийн хаалга хэрэгтэй талаар бараг үйл ажиллагаа нь эхэлсэн өдрөөс хамт яригдсаар ирсэн.
Эх орондоо чин үнэнчээр, шударгаар хөдөлмөрлөх гэсэн жирийн нэгэн монгол залуу. Ийм зүрх сэтгэлтэй залуусыг бид дэмжих ёстой. Учир нь Монгол Улс ийм залуусаар дутаж байгаа цаг.