Коронавирусийн халдвар тархах эрсдэл өндөр байна, бэлтгэлтэй бай!

684

Дэлхийн улс орнуудад тархаад буй шинэ төрлийн коронавирусийн тархах эрсдэл өндөр хэвээр байна гэж ДЭМБ-ын ерөнхийлөгч твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  

ДЭМБ-ын ерөнхийлөгч Тедрос Аданом Гебрейесус “Цаашид өвчний тархах эрсдэл өндөр хэвээр байна. Бүх улс орон үүнд бэлтгэлтэй байх цаг нь болжээ” хэмээн жиргэжээ. 

Өвчин халдварласан тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэлтэй байгаа бол энэ өвчний улмаас нас барсан тохиолдлын 97 хувь нь Хубэй мужид бүртгэгдсэн байна. Хэдийгээр Монгол Улсад тус вирусийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч "сэжигтэй" гэсэн ангилалд өчигдрөөс орсон. Эрүүл Мэндийн Яамнаас шинэ коронавирусийн асуудлаар өдөр бүр шуурхай мэдээлэл хийж байгаа. Өнөөдрийн мэдээллийн үеэр Дархан уул аймагт сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: "2020 оны хоёрдугаар сарын 3-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын хариу сөрөг гарсан. Харин өчигдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарлагдан тандалт судалгаа, шинжилгээ, эмчийн хяналтад байгаа. Уг иргэн нь нэгдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Дархан-Уул аймагт очсон байсан. Мөн 2020 оны хоёрдугаар сарын 4-ний 23:00 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчиж ирсэн хүмүүсээс сэжигтэй хоёр тохиолдол илэрч, тусгаарлагдан шинжилгээнд хамрагдаж, эмчийн хяналтад орсон. Хариу нь маргааш гарна" гэсэн юм. 

Японоос ирсэн оношлуураас 100 гаруй нь үлдсэн ба клиник, лаборатори, тархвар судлаач гэсэн гурван эмч хамтран зөвлөлдөж, шинжилгээ, үзлэгийг хийж байна. Мөн ДЭМБ-аас ирүүлэх 3000 оношлуурын эхний ээлжийн 500 нь ирэх долоо хоногт манай улсад ирнэ гэв. 

Энэ талаар Эрүүл мэндийн яам "Манай улсад шинэ коронавирусийн халдвар гарах эрсдэл өндөр байна. БНХАУ-аас Монголд ирж буй иргэдийн тоо эрс нэмэгдлээ. Халдвар гарсан орнуудад зорчихгүй байхыг бид зөвлөсөөр байгаа. Гэтэл өвчлөл гарсан оронд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн. Хоёрдугаар сарын 5-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 24,483 хүн шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, 426 хүн нас барсан. Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдэж байна" гэлээ. 

Коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан гадаадын зарим улс орнууд дараах арга хэмжээнүүдийг авч байна

АВСТРАЛИ

Хятадад сүүлийн 14 хоног зорчсон гадаадын бүх иргэдийг нэвтрүүлэхгүй. 2020 оны хоёрдугаар сарын 9-нөөс гуравдугаар сарын 29-ний өдрийг хүртэл “Qantas Airways” Бээжин, Шанхай чиглэлийн нислэгүүдээ зогсоож, харин Хонг Конг руу хэвийн үргэлжлүүлж байна.

ВЬЕТНАМ

2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс БНХАУ-ын болон тус улсад сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдэд виз олгохыг зогсоосон.

СИНГАПУР

БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон бусад орны иргэдийг хилээр болон транзитаар нэвтрүүлэхгүй.

ЯПОН

2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс БНХАУ-ын Хубэй мужийн иргэн, тус мужид сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын бүх иргэнийг нэвтрүүлэхгүй.

ХОНГ КОНГ

БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч иргэн та өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалах хэрэгтэй юм. Тайвшрах болоогүй, амны хаалтаа тогтомол зүүхийг уриалж байна. 

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

  • Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
  • Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
  • Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
  • Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
  • Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
  • Түүхий ус уухгүй байх;
  • Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
  • Арьс, салстаа гэмтээхгүй байх;
  • Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
  • Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
  • Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
  • Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
  • Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

Эх сурвалж: inews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>