Газрын тос боловсруулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орсноор жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулна

580

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллалаа. Төсөл Үндсэн технологийн 12 байгууламж, Дагалдах байгууламж, Дэд бүтэц, Үйлдвэрийн хотхон зэргээс бүрдэж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалт нь:
-  Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн ажил
-  Анхдагч процессийн болон дагалдах байгууламжууд
-  Үйлдвэрийн цахилгаан станц
-  Гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжууд гэсэн үе шаттай. Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, талбайн дэд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулсан бөгөөд ажил хуваарийн дагуу явж байна.
 
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн хувьд 2017 онд байгуулагдсан, 70 гаруй инженер, техникийн ажилтантай, нийт ажиллагсдын 50 гаруй хувь нь гадаадын орнуудад боловсрол эзэмшжээ.
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар эрчим хүч, газрын тос, эрүүл хүнснийхээ хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, улмаар экспортлох зорилт тавьж байгааг хэлээд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг бүх талаар дэмжихээ илэрхийлэв.
 
 
Газрын тос боловсруулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орсноор жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулна. Ингэснээр жилд 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 339 мянган тонн автобензин, 824 мянган тонн дизель түлш, 80 мянган тонн онгоцны түлш, 47 мянган тонн зуухны түлш үйлдвэрлэх юм. 
Жил бүр гадаад улсаас нефтийн бүтээгдэхүүн худалдан авдаг нэг тэрбум ам.доллар Монгол Улсад үлдэнэ. Энэ хэрээр валютын ханш тогтворжих бөгөөд Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруй хувиар нэмэгдэж, улс, орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсөх юм. Зөвхөн үйлдвэрт 600 ажлын байр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг, дунд үйлдвэр хөгжих юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>