ОХУ-д коксжих нүүрсний дахин нэг цогцолбор ашиглалтад орлоо

477

Оросууд 2030 он гэхэд нүүрсний экспортоор тэргүүлэх зорилт тавьжээ

Оросын Якут дахь Инаглинский уурхайд үйл ажиллагаа явуулдаг Колмар групп тус уурхайд түшиглэсэн Нүүрс баяжуулах үйлдвэрээ энэ сард ашиглалтад оруулж байна. Ингэснээр олборлолт, баяжуулалт, тээвэр зэргийг шийдсэн цогцолбор болоход нэг алхам ойртжээ. Тус компанийн зүгээс уг цогцолборыг үе шаттайгаар бүтээн байгуулж байгаа бөгөөд одоогоор ил уурхай болон баяжуулах үйлдвэр баригджээ. Цаашлаад баяжуулах үйлдвэрийн 2-р шат, нүүрсний гүний уурхай болон нүүрс тээврийн боомт, терминалын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа юм. Шинэ уурхайн хувьд сүүлийн хэдэн жилд нээгдсэн шинэ уурхайнуудын нэгэн ижлээр БНХАУ-ын зах зээлийг “онилж” байгаа аж.

Арав гаруй жилийн өмнөөс ОХУ-ын эрх баригчид Хятадтай ойролцоо бүс нутаг дахь нүүрсний ордуудаа бодлогоор эрчимтэй дэмжих болсон. Тэд 2030 он гэхэд дэлхийд нүүрсний экспортоороо тэргүүлж, газрын тос, байгалийн хийнээс хэт хамаарал бүхий эдийн засгаа төрөлжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ хүрээнд нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компаниуддаа тусгай зөвшөөрөл олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна төмөр зам, боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтуудад нь онцгой ач холбогдол өгч байна. Дашрамд дурдахад, тус улсын байгалийн хий, газрын тосны салбарт төрийн өмчит компаниуд давамгайлж оролцдог бол шинэ тулгуур болох нүүрсний зах зээлээ хувийн хэвшилдээ түшиглэн босгохоор шийджээ.

Инаглинский уурхайн Нүүрс баяжуулах үйлдвэр жилийн 12 сая тоннын хүчин чадалтай юм байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>