Дэлхийшил ба дангааршил
1989 оны 6 дугаар сард Москвагийн Ярославский буудлаас хөдөлсөн "Нарлаг Монгол” галт тэргэнд танилцсан оюутан залуугийн ярианы зарим онцлох хэсгээс би тэмдэглэлийн дэвтэртээ таталган үлдээжээ. Ахарлан утгачилбал, "Дэлхий ердөө тавхан л улс болно. Бод л доо, дэлхий таван тивтэй биз дээ. Ерөөсөө хүн төрөлхтөн нэг цул юм. Яах гэж улс оронд хуваагдан хил хязгаар тогтоож, байлдаж, алалцаж байдаг юм бэ. Энэ их хагарал бутрал, дайн, байлдааныг зогсоох арга нь глобалчлал шүү дээ. Та нар хар л даа, Европын холбоо гэж хүчирхэг том улс бий болчихлоо. Нэг л визээр (Зорчих эрхийн зөвшөөрөл) Европын холбооны бүх улсад чөлөөтэй явж болно, амар байгаа биз дээ. Хойт, Өмнөд Америкийн бүх улсууд хамрагдаад том АНУ болно. Өөр нэг нь Африкийн нэгдсэн улс. Бас нэг нь Азийн нэгдсэн улс. Дахиад нэг нь далайн орнууд, арлууд нийлээд Австралийн нэгдсэн улс. Гүйцээ, дэлхий глобалчлагдаж байгаа нь тэр. Энэ үйл явц (процес) улам лавширч манай гараг ердөө дэлхий улс болно. Үүнд үсрээд л хорин жил шаардагдана”.
Гучин жилийн өмнө ийм яриа сонин, содон сонсогдолгүй яах вэ. Нээрэн тийм ч юм уу гэх итгэл, үнэмшил ч төрж байлаа. Энэ үеэс л глобалчлах гэдэг үг хүчтэй сонсогдож, монгол хэлний хэрэглээний үгийн санд орж, одоо өргөн хэрэглээний үг болжээ. "Местный” буюу суурин, суурьшмал гэсэн утгатай үгс монгол хэлний хэрэглээний үгсийн санд олон бий, тийм суурьшмал (төрөлх, унаган биш) үгийн нэг нь глобалчлал юм.
Ухаан холч, сэтгэлгээ гүн, эрдэм номд гүнзгий нэвтэрсэн В.Малеева гэх украин эмэгтэй (миний багш) ЗХУ гэж байхад, амаа мэдэж ярихгүй бол ардын дайсан болчихдог үзэл суртлын сүүдэр нөмөрсөн цаг дор "Дэлхийн түүх бол Монголын түүх” гэж олон орны, олон үндэстний оюутнуудын өмнө итгэлтэйгээр, зоригтойгоор хэлж байсан юм.
Чингис хаан, түүний үр сад дээрх үзэл санааг "зохилдохуй” гэсэн үгээр илэрхийлж, хамтын илгээлт (өнөөгийн нот бичгийн эхлэл) бичгээр европын оюун санааны төв болж байсан Францын хаадад олон удаа хүргүүлсэн нь Парис Ватиканы архивт өнөө хүртэл хадгалагдсаар байна.Францын хаад (Англи, Итали ороод) Ромын пап ламд Монголын хаад (Ил хаад)-аас арваад удаа илгээлт хүргүүлжээ.
Улс, үндэстнүүд нэгэн дээвэр дор нэгдэж, нэгэн захиргаанд хамрагдан, нэгэн удирдлагын дор аж төрөх буюу дэлхийшиж чадалгүй өдий хүрсэн нь хүн төрөлхтөн оршин байхын эх сурвалж болсон бус уу. Улс, үндэстэн тусгаар байх язгуур ялгаа нь газар нутаг, эх хэл, бичиг үсэг, өв уламжлал, ёс заншил, аж төрөх хэвшил юм.
Дэлхийд анх удаа яруу шүлгийг хаданд сийлсэн Цогтын дуут хад, нэн шинэ үеийг гэхдээ, Монголын нууц товчооны 750 жилийн ойд зориулсан гэрэт хөшөө Монголын тусгаар тогтнол юм, Монголын дангааршил юм Тухайн үндэстний бүтээсэг давтагдашгүй сор бүтээгдэхүүн дангааршлыг илэрхийлнэ. Сүрчи Францын, виски Шотландьн тусгаар тогтнол, дангааршил юм.