“Rio Tinto” Монголын Засгийн газрын өрөөс 1.6 тэрбум ам.долларыг тэглэх саналыг тавьжээ

264

“Rio Tinto” Монголын Засгийн газрын өрөөс 1.6 тэрбум ам.долларыг тэглэх саналыг тавьжээ

 

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг ээлжит захидлаа “Rio Tinto”-гоос авчээ. Тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Turquoise Hill Resources” компанийн Гүйцэтгэх захирал Стив Тибоу Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт захидал илгээж:

Нэг: Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх” санал гаргасан байна.

Хоёр: Монгол Улсын ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 400 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд олгох,

Гурав: Менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулах санал гаргажээ.

“Rio Tinto” Засгийн газарт ийм захидал илгээсэн гэдгийг Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо нотолжээ.

Тэрбээр захидалд Монголын Засгийн газрын өрөөс 1.6 тэрбум ам.долларыг тэглэх тухай санал байсан гэдгийг нотлоод, Ажлын хэсэг санхүүгийн зөвлөх компаниудтай хамтарч ирүүлсэн саналыг судалж үзнэ. Энэ нь үнэхээр Монгол Улсад ашигтай эсэхийг нухацтай судалж байж хариулт өгнө гэж мэдэгджээ. 

Мөн одоогоор хөрөнгө оруулагч тал төслийн үйл ажиллагааны зардлаас гурван хувь, хөрөнгөнөөс зургаан хувийн менежментийн төлбөр авч байгаа.

 

“Оюу толгой” ХХК өнөөдөр маш их өрийн дарамттай байна. Нийт 12 тэрбум ам.долларын өртэй байгаа нь энэ компанийн мөнгөн урсгал, орлого зээлийн хүүнд төлөгдөхөд зарцуулагдаж байгаа.

“Туркойс Хилл Ресурс” компанид төлөх хувь нийлүүлэгчдийн зээл одоогийн байдлаар 8 тэрбум ам.доллар байгаа бөгөөд хүү нь жилийн 8% орчим байгаа нь энэ компанийн ашигтай ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа гэсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>