Сэм Уолш "ГЭРИЙН ДААЛГАВАР" өгөв үү, авав уу?

1267

Сэм Уолш "ГЭРИЙН ДААЛГАВАР" өгөв үү, авав уу?Зүүн хатавчинд байсан Оюутолгой хойморт гараад суучихлаа гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зүгээр ч нэг хэлээгүй ээ. Өнөөдөр Монголд орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтын 80 орчим хувь зөвхөн Оюутолгой төсөлд л ногдож байна. Ганцхан төслөөс улсынх нь гадаадын хөрөнгө оруулалт ингэтлээ хамаарах хэмжээнд Монгол Улс бусад хөрөнгө оруулагчийг үргээжээ. Хатавчинд байсан Оюутолгой хойморт суусан шалтгаан ердөө л энэ.

 

Гэхдээ хойморт суусан болгон гэрийн эзэн гэсэн үг бас биш шүү гэдгийг "Рио Тинто"-д сануулах хэрэгтэй бололтой. Далд уурхайн санхүүжилт нь гацчихаад байгаа энэ үед "Рио Тинто"-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш Монголд ирэхдээ дахиад л өмнөхтэйгөө ижил мэдэгдэл хийгээд буцлаа. Энэ нь "Рио Тинто" Оюутолгой төслийг цаашид дангаараа санхүүжүүлэх бололцоогүй бөгөөд "санамж бичиг" бол манай сүүлчийн санал гэжээ. "Рио Тинто"-гийн захирлын тодотгож хэлсэн хамгийн сайн, хамгийн сүүлчийн санал гэж чухам юу болохыг эргэн сануулъя.

 

Хуанлийн хуудсыг урагш тоолбол одоогоос яг хагас жилийн өмнө "Рио Тинто"-гийн зүгээс дөрвөн бүлэг, 53 асуудлаас бүтсэн "санамж бичиг"-ийн төслийг Монголын Засгийн газарт хүргүүлсэн билээ. Энэ бол 2014 оны аравдугаар сарын 1-ний өдөр л дөө. Н.Алтанхуягийн Засгийн газар огцрохоос өмнө хүргүүлсэн энэ "санамж бичиг"-ээ Ч.Сайханбилэгийн Засгийн газар хүлээж авна гэж тэр тооцсон бололтой. Гэвч хагас жилийн хугацаанд үргэлжилсэн хэлэлцээнд эцсийн цэг хатгах болоогүй л байна. Оюутолгойн хувь нийлүүлэгч талууд ойлголтоо нэгтгэж байгаа ч бодитой үр дүнд хүрсэн үү гэвэл бас эргэлзээтэй. Далд уурхайг эхлүүлэхийн тулд талууд шийдэх ёстой гол асуудлууд хэвэндээ л байна. Үүнд:

 

-Анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгаанаар талууд нэгдсэн шийдэлд хүрсэнгүй.
-Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрлэсэн ёсоор хөрөнгв оруулагч тал төлөх ёстой 30 сая ам.долларын татварын өрийг хүлээн зөвшөөрсөнгүй. Арбитр хандах хэмжээнд асуудал яригдаж байна.

 

-Оюутолгойн далд уурхайн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн ч хэлэлцээгүй байна.
Шийдлээ хүлээсэн энэ мэт асуудал дээр нэмэгдэж байгаа зүйл нь гэвэл үл ойлголцол. Хөрөнгө оруулалтын гэрээ ёсоор хүлээсэн үүргээ "Рио Тинто" биелүүлэх ёстой гэж УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн бол Оюутолгойн гэрээг байгуулахад биечлэн оролцсон одоогийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт ч "санамж бичиг"-ийг хүлээн зөвшөөрөх боломжгүйг мэдэгдсэн. Яг ийм үед Монголд ирээд буцсан Сэм Уолш Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзахдаа "гэрийн даалгавар" өгөөд буцав уу, "гэрийн даалгавар"-тай буцав уу гэдэг сонирхол татаж байна. Яагаад гэвэл, тэрээр Монголын хэд хэдэн хэвлэлд ярилцлага өгөхдөө "Санамж бичиг бол хамгийн сайн боловруулсан, бидний зүгээс өгч буй эцсийн хувилбар. Бидний зүгээс санамж бичгийг тун боломжийн гэж харж байгаа гэж мэдэгдсэн. Хэрэв тэр хэлснээрзэ зүттэх юм бол Монголын Засгийн газарт "гэрийн даалгавар" өгөөд буцсан, хэрэв саналаасаа буцна гэвэл Монголын Засгийн газраас "гэрийн даалгавар" аваад буцсан гэсэн үг.

 

1.
Оюутолгой бол зөвхөн "Рио Тинто"-гийн эрх ашиг биш. Зоосны хоёр тал гэдэг шиг нөгөө талд нь Монгол Улсын эрх ашиг бий. Тэр тусмаа хөрөнгө оруулалт татарсан, валютын ханш чангарсан энэ үед Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тулах цэгээр нь магадгүй Оюутолгой л үлдлээ. Хэдий Тавантолгойн төслийг урагшлуулах гэж эхэндээ зүтгэсэн боловч үр дүн гарах нь улам эргэлзээтэй болж байна. Нөгөөтэйгүүр, Засгийн газар ард түмнээсээ мессежээр санал авч "Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох"-оор болсноос хойш долларын ханш тогтворжих биш улам л тонгочлоо. Долларын ханш 2000 төгрөг давсныг тогтворжсон гэж хэлэхгүй л бол Засгийн газар иргэдээсээ санал асуулгаар авсан үүргээ биелүүлсэнгүй. Иймээс далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх нь, дараагийн санхүүжилтийг оруулж ирэх нь магадгүй "Рио Тинто"-гоос илүү Монголын Засгийн газарт хэрэгтэй юм шиг. Ингэхээр ард түмнээеээ мөссежээр авсан "гэрийн даалгавар"-аа биелүүлэх гэж Сэм Уолшоос "гэрийн даалгавар" аваад үлдсэн байж болох талтай.

2.
Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэж үг байдаг. Гэхдээ энэ үг Оюутолгойд бол үйлчлэх ёсгүй. Засгийн газар өнөөдрийн хүндрэлээ давахын тулд Оюутолгойгоо тавиад тууна гэж байхгүй байх. 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ ёсоор Оюутолгойн нийт өгөөжийн 53 хувь нь Монголын талд ногдох ёстой. Энэ харьцаа өөрчлөгдөх нь, "санамж бичиг"-ээр тулгасан "Рио Тинто"-гийн шаардлагыг хүлээж авах нь Монголын талд л ашиггүй. Шулуухан шаардлага гэж тодотгосон нь Оюутолгойн гэрээг анх байгуулахад Монгол Улс найман төрлийн татварын орчныг тогтворжуулсан. Гэтэл Сэм Уолшийн сая ирэхдээ хэлээд буцсан сүүлчийн гээд байгаа саналд нь эрчим хүч, усны төлбөрийг хуульд заасан хэмжээгээр тооцох бус тогтворжуулах механизмыг баталгаажуулах санал багтсан.

 

Мөн Далд уурхайн төслийн санхүүжилтийн талаар тэрээр "Хэлэлцээрийн асуудал шуудармагц зээлдэгчид төслийг сонирхож хөрөнгө оруулах хэвээрээ эсэхийг дахин бататгах хэрэгтэй" гэж мэдэгдсэн. Гэтэл хэлэлцээрээр батлах гээд байгаа "санамж бичиг"-т нь төслийн санхүүжилтээр босгох зургаан тэрбум ам.долларын 4.2 тэрбумыг нь "Рио Тинто" өөрийн тайландаа тусгана гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэхүү 4.2 тэрбумд "Рио Тинто" баталгаа гаргаж, уүнийхээ хөлсөнд "Оюутолгой" компаниас баталгааны шимтгэлд хамгийн багадаа 536 сая ам.долларыг авах юм байна. Энэхүү 536 сая ам.доллар зөвхөн үндсэн зээлд ногдох дүн гэхээр хүү болон бусад хураамжийг тооцвол улам өснө гэсэн үг. Үүнээс гадна Монгол Улсын нэг бус хууль, хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээтэй зөрчилдөх заалтууд "санамж бичиг"-ийн төсөлд байгаа. Энэ талаар Оюутолгойн гэрээг байгуулсан С.Баярцогт "Одоо Оюутолгойн бөмбөг Монголын талд байгаа. Тэр саналыг нь үзэхээр манай улсад мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хууль, хөрөнгө оруулалтын гэрээ, хувьцаа эзэмшигчдийн гэрээг олон зүйлээр зөрчиж байгаа" гэж хэлсэн байна лээ. Тэгэхээр С.Баярцогт сайдын хэлсэнчлэн бөмбөг Монголын талд байгаа бол Сэм Уолшид Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "гэрийн даалгавар" өгөөд буцаасан ч байх магадлалтай.

Энэ бүхэн Оюутолгойн хэлэлцээний явцаас тун удахгүй тодорхой харагдах биз ээ.



Ч.ГАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>