Б.Норовсамбуу:Намайг эрэгтэй хүнтэй ойртуулахгүй байх үүргийг төрөөс ээж, багш хоёрт өгсөн

2586
Монгол Улс үүх түүх, өв соёл, урлагаараа олон бахархах зүйлтэйн нэг нь уран нугаралт. Хүний бие махбодь, сэтгэлийн агуу нөөц боломжийг илтгэдэг уран нугаралтын нарийн хөдөлгөөн, үзүүлбэр, дасгалуудыг хүссэн хүн бүр хийх боломжгүй. Тийм ч учраас нугаралтыг эр зориг, тэсвэр тэвчээрийн урлаг гэдэг. Ардын жүжигчин, Төрийн шагналт, уран нугараач Б.Норовсамбуу гуайтай уулзаж ярилцлаа.
Хоёулаа уламжлал болсон хэдэн асуултаар яриагаа эхлэе.Учир нь сүүлийн үеийн залуучууд таныг сайн мэдэхгүй байгаа байх.Аав ээж тань аль нутгийн хүмүүс вэ?
-Би  Завхан аймгийн Сантмаргац сумын малчин Бүдбазарын ганц охин нь болж төрсөн. Намайг таван настай байхад аав Улаанбаатар руу ажил хийхээр явсан гэдэг ч ерөнхийдөө салсан юм байна лээ. Тэгээд ээж маань Сонгино  сум руу намайг аваад явсан. Аав ээж хоёр сэтгэлээрээ нийлээгүй. Эцэг эх нь нийлүүлчихсэн юм гэнэ лээ.Хоёрдугаар ангид байхдаа шинэ жилийн амралтаараа кино үзэхэд нэг хэсэгт нь Мажигсүрэн гуай нугарч гардаг юм.Түүнийг үзсэнийхээ дараа хөл толгой хоёроо нийлүүлэх гээд ноцолддог байлаа.Хоёр дугаар анги төгссөний зун урлагийнхан манай суманд ирхэд нөгөө мундаг нугараач Мажигсүрэн гуай ирсэн юм. Манай биеийн тамирын багш намайг тэр хүнд нугаруулж үзүүлэхэд "Их уян хүүхэд байна. Даанч хол нутгийн хүүхэд юм” гээд манай ээж,  багштай уулзаж амьдрал судалчихаад яваад өгсөн. Гэтэл наадмаар Соёлын яамнаас миний нэр дээр бичиг ирсэн."Амьдралын боломж байвал хүүхдээ Улаанбаатарт циркийн сургуульд авчир” гэсэн.Тэгээд намар нь ээж хоёр тэмээнийхээ нэгийг нь хүнд худалдаж зардал хийгээд бид хоёр хотод ирж Ламзав ахынд буусан юм.Ламзав гэдэг чинь нөгөө Төрийн шагналт зохиолч Л.Ванган, Монголын циркийг анх үндэслэгч Л.Нацаг хоёрын аав шүү дээ.Манай ээжийн талын садангууд.Тэднийхээр бид хоёр дамжиж хэсэгтээ амьдарсан.Бүр зарим хэцүүхэн үедээ намайг эцэг дээр минь үлдээчихдэг байлаа.Тэгэхэд аав хүнтэй суучихсан байсан л даа.Намайг өөр дээрээ авах гэж их үзсэн.Ээж өгөөгүй. Би ч жаахан хүүхэд байсан болохоор хаана байхаа мэдэхгүй.
-Багаасаа циркийн урлагт ороод ирсэн түүхээс ярьвал?
-Хотод ирээд Л.Ванган ах намайг 5 дугаар дунд сургуульд оруулсан юм. Цирк дээр очсон чинь "Чиний багш Цэнд-Аюуш гэдэг хүн ирэх болоогүй. Гадаадад яваа, Хэсэгтээ дадлага хийж бай” гээд нэг багш дээр өгсөн. Багш маань хэдэн сарын дараа ирлээ.Гурван сар сургуулилт хийв.Хоёр гар маань болж өгдөггүй. Удирдлага шалгаж үзээд "Энэ хүүхэд циркчин болохгүй нь.Хол аймгаас ирсэн.Эртхэн нутаг руу нь явуул” гэсэн.Цэнд-Аюуш багш "Авьяастай хүүхэд байгаа юм аа.Дахиад гурван сарын хугацаа өгөөч” гэсэн. Удирдлага нь "Чадахгүй хүүхэдтэй цаг үрээд” гээд  их дургүй байсан ч зөвшөөрсөн юм. Тэгээд гурван сарын дараа нугараад шалгуулахад сайн болчихсон байсан учир циркийн дагалдан жүжигчин болгоод 250 төгрөгний цалин өгөв.Тэгэхэд би 10 настай байлаа.Нэг сарын дараа соёлын систем өөрчлөгдөөд дагалдан жүжигчиний цалин 300 төгрөг болсон.Түүгээр ээж бид хоёр өөрсдийгөө хангалттай болгодог байлаа.Дараа жил нь би мэргэжлийн шалгалт өгч тэнцээд мэргэжлийн жүжигчин болсон. 1960 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойн наадмаар циркийн үзүүлбэрүүдийг бүгдийг шинэчилсэн байх шаардлагатай гэсэн даалгаврыг Соёлын яамнаас өгсөн юм. Тэгээд би тэнцвэрт нугаралт гэдэг номер хийсэн.Түүнийг маань Монголын циркийг шинэчилсэн үзүүлбэр гэж үздэг. Сайн номер хийлээ гэж надад төрөөс 600 төгрөгний шагнал өгсөн. Шагналаасаа ээж бид хоёр нэг төмөр ор авлаа.Түүндээ ээж минь их хайртай.Хаашаа ч нүүсэн "Охины минь шагналын ор” гээд аваад явдаг.Одоогоос хэдхэн жилийн өмнө тэр орон дээрээ өөд болсон доо.Ганц охин нь гэлээ ч би ээжийгээ хүний дайтай явуулсан.

-Та хоёрт циркээс хэдийд байр өгсөн юм бэ. Өмнө нь дандаа айлаар явсан уу?
-Мэргэжлийн жүжигчин болсон жил намайг 10 настай байхад циркээс галладаг байр өгсөн. Циркийнхний ажилчдын байр л даа. Намайг 10 настай хүүхэд байхад яагаад байр өгсөн юм гэхээр, ээж намайг хөдөө авч явчих гээд циркийнхнийг сандаргаад байсан гэсэн. Түүнээс миний өмнө байр авах олон жүжигчид байсан даа.
-Та арван жилийн сурагч байхдаа МУГЖ цол хүртсэн. Дээд мэргэжлийг хаана ямар чиглэлээр эзэмшсэн бэ?
- Уул нь 10 дугаар ангид байхад гавъяат өгөх гэж байгаад "Сургуулийн хүүхдэд том шагнал арай ч өгч болохгүй юм уу даа” гээд өгөөгүй гэсэн. Нийслэлийн 5 дугаар дунд сургуулийг төгсөөд зун нь наадмаар МУГЖ цол өгсөн. Ингэж Монголын хамгийн залуу гавъяат болсон юм.10 дугаар ангийн сурагч байхдаа би циркийн нэгдүгээр зэргийн жүжигчин гэж 750 төгрөгний цалин авдаг байсан.Арван жилээ онц дүнтэй төгссөн болохоор МУИС-ийн англи хэлий ангид урилгаар суралцсан. Тэгж орохдоо би гавъяатын тэмдгээ зүүж очиход манай Л.Ванган ах хар костюман дээрээ төрийн шагналын хоёр тэмдэгээ зүүчихээд хойгуур урдуур минь хэд алхаад өрөөндөө намайг дагуулж орсоноо "Би цолныхоо тэмдэгийг байнга зүүдэггүй юм” гэж хэлээд костюмаа тайлсан. Гавъяат гэдгээрээ гайхуулах хэрэггүй гэдгийг ойлгуулж байгаа нь тэр.Би жаахан хүүхэд байсан болохоороо дэврүүн байсан л байх.Гавъяат цолтой хүн их сургуульд орсон болохоор багш нар намайг арын хаалгаар, урлагийн гэдгээрээ түрий барьж орж ирсэн үү гээд их шалгадаг байсан.Олон оюутан байсан ч надаас дандаа хүнд зүйл асууна.Энэ бүхэнд нь торохгүй байсаар байгаад 10 жилээ онц дүнтэй төгссөнөө баталсан даа.Их сургуулийн анхны англи хэлний ангийг төссөн.Надад циркээс цалинтай оюутан гээд стипенд өгдөггүй байсан.
-Гавъяат авна гэж сонсоод яаж хүлээж авсан бэ?
-1966 онд наадмаар циркийн дарга Сосор багш манайх руу утастаад ээжтэй ярилаа. Тэгтэл ээж "Сосор чамайг дагуулж парк явна гэж байна.Гоё хувцасаа өмс” гэв.Би ч бөөн баяр. Удсан ч үгүй машинтайгаа ирж намайг парк үзүүлнэ гэж авч явсанаа "Хоёулаа энүүгээр нэг ороод гарья, би хүнтэй уулзах гэсэн юм” гээд ордон руу Ж.Самбуу даргын өрөөнд орсон чинь нарийн бичгийн дарга  Готов гуай "Өө за та хоёр хүрээд ирэв үү” гээд Ж.Самбуу гуайд хэлтэл БНМАУ-ын гээд л гавъяат цолны тушаал уншдаг юм. Би үнэндээ зүүдлээгүй байгаа даа гэж бодсон. Өөртөө ч  итгээгүй. Ээжийг нэг шампанск аваад бэлдэж байгаарай гэж Сосор гуай хэлэхэд нь "Худлаа л тоглож байгаа биз” гээд дуртай дургүй нэг юм авсан юм. Манайд ирж түүгээр нь миний гавъяатыг мялаасан.Шинэ жилээр Ж.Самбуу дарга Ю.Цэдэнбал гуай хоёр намайг 48-ын баавгайтай хайрцаг чихрээр шагнахад нь хамгийн ихээр баярлаж байсан.Жаахан хүүхэд медалиас илүү чихэрт дуртай байж.
-Англи хэлний анги төгсөөд хаана хуваарилагдав?
-Багш-орчуулагч мэргэжлээр 1973 онд МУИС-ийг улаан дипломтой төгссөн. Орчуулга хийнэ гэхээр надад залхуутай зовлонтой санагдсан. Намайг сайн төгссөн болохоор АИХ-д орчуулагчаар хуваарилна гэхэд нь би Соёлын яаман дээр очиж "Циркдээ л орьё” гэж уйлж гуйлаа.Тухайн цагт нэр хүнд өндөр байсан болохоор намайг циркэд үлдээсэн юм.Тэр жилээ би Төрийн соёрхол хүртсэн. Бас хөдөлмөрийн хүндэт медаль ч авлаа. 1982 онд Монголын циркийг дэлхийд сурталчилж чадсан гээд Ардын жүжигчин цол өгсөн.      
-Ээжийг тань  их хатуу хүн байсан учраас таныг залуу байхад чинь хүнтэй суулгаж хүүхэд гаргуулаагүй гэдэг?
-Бага залуу байхад цирк ивээлдээ аван тэжээж уран бүтээлийг минь үнэлж том цолнуудаа бага насанд өгсөн ч миний залуу нас, хувийн амьдралыг минь золиослосон. Энэ бол улсын бодолго л доо.Намайг эрэгтэй хүнтэй ойртуулахгүй байхыг ээж багш хоёрт төр даалгасан юм.Гадаад явахад намайг бусадтай минь цуг байлгахгүй хөгшин авгайтай ч юм уу, багштай цуг нэг өрөөнд оруулдаг байлаа.Ерөнхийдөө төр намайг 27, 28 нас хүртэл захиргаадан барьж байсан.Яагаад гэхээр хүүхэд гаргасан хүн бие нь хатуураад нугарч чадахаа больдог.З0 гараад хүнтэй суух гэтэл миний үеийнхэн бүгд амьдралтай болчихсон.Тэр үед чинь эрт хүнтэй сууж амьдрал зохиодог байлаа.30 гарсан хүнд ямар хүн олдох вэ гэхээр ажилгүй эсвэл авгайгаасаа салсан хүн л олддог.Гэхдээ нэг зүйлийг хэлэхгүй байж болохгүй байх.Төр намайг золиослосон ч би баярладаг.Надад байгаа бүх шагналаа өгч миний амьдралыг өдий зэрэгт хүргэсэн.
-Та хүнтэй суугаад нэг хүүхэдтэй биз дээ. Юу хийдэг ямар хүн байв?
-ШУА-ын хүрээлэнд ажилдаг нэг хүнтэй суугаад тав зургаан жил хамт амьдарсан. 1987 онд ганц хүү маань гарсан.Урлагийн хүн, шинжлэх ухааны хүн хоёр нэг гэрт тохирдоггүй юм байна лээ.Тэгээд ч миний нөхөр урьд нь амьдрал үзчихсэн болохоор асуудал их гардаг байсан.Би чинь анхны нандин хайр ч үзээгүй явсан хүн шүү дээ.Удаагүй салсан.Урлагт бүх зүйлээ зориулж зүтгэсэн ч надад ганц хүү заяасан.Түүндээ үлдсэн амьдарлаа би зориулж явна.Хүүтэй үлдчихээд би их зовсон.Яах гэж аавыг нь явуулав даа ч гэж бодож байсан.Миний нөхөр нэг удаа 25 мянган төгрөгөөр байр авчихаад "Ээж чинь намайг чиний орон гэрт болж суусан гэж бодох байх.Хоёулаа шинэ байранд очиж амьдрая” гэхэд би ээжийгээ хаяад явж чадаагүй юм.Ээж тэр хоёр таарамж муутай байсаныг би нуухгүй ээ.
-Гадаадад та олон жил ажиллалаа. Өнөөгийн циркийн байдлыг ажиглаад яаж дүгнэж байна?
-Циркийг хувьчлахын эсрэг байсан. Циркийн урлагийг яаж хөгжүүлэх гэж байгааг нь харагдахгүй байна.Уран бүтээлийн найруулагч уран сайхны найруулагч гэх хүмүүс нь мэргэжлийн бус, цирк мэдэхгүй хүмүүс томилогдсон.Энэ циркэд би олон улсын шагнал авсан олон номеруудаа үлдээсэн.Одооны хүмүүс шинэчлэх битгий хэл хуучин миний номерийг хулгайлж тавьдаг гэсэн.Өөрийн бодож хийсэн "Бурхан суудал” гэж Мэнд-Амар хөгжмийг нь хийсэн номер бий.Миний хийсэн "Могойн чуулга” номерийг дэлхийн томчууд үзээд Монголын циркийг дэлхийн түвшинд гаргалаа гэж дүгнэсэн юм шүү.Өнөөдөр тэднээс өөр номерийг Монголын цирк хийх ёстой.Нугараачид нь гадаадад гарчихсан гээд яриад суудаг.Тэднийг үнэлж чадахгүй байгаа биз дээ. Би хэдэн жилийн өмнө циркэд гуч дөчин  мянган төгрөгөөр ажилладаг байсан. Одоо гадаадад хэдэн хүүхдээ тоглолт хийлгээд явахад зарлагаас гадна сая төгрөгний ашигтай ажиллаж байна.Нэгнийхээ хийсэн бүтээлээр бахархаж чаддаг.Одоо тэр нэг хүн баяжиж гээд атаархаж байна.Яаж зүдэрч хөдөлмөрлөж өдий зэрэгт хүрсэнийг ойлгох хэрэгтэй.Гадаадад яваа монголчууд хүртэл бие биенийхээ уран бүтээлээс хулгай хийгээд л явж байна.Цөөхөн газар боловсрол өндөртэй хүмүүс монгол хүний тамын тогооны сэтгэлгээнээс салж байна.Үүнд би их баярладаг.
-Та Нарны циркт удаан ажилласан, олон орноор явсан уу?
-Англид "Нарны цирк”-эд ажиллаж байсан. Одоогоор тоглолт хийгээгүй, гэрээтэй хэдэн орон үлдсэн.Нэг газар удаан байдаггүй дамжаад л явна.Сүүлийн хэдэн жил Англи, Япон, Бельги, Испани, Нидерланд, Франц, Латин Америкийн орнуудаар явсан.Одоо миний хүүхдүүдтэйгээ сургуулилт хийдэг заалыг нь хурааж аваад дарга нар нь орсон гэсэн.Нугараач хүүхдүүд бэлтгэл хийх заалгүй гудамжинд өрөө хайгаад гүйж явна.Манай багш 70 гаран насандаа өөд болсон.Бид хоёрын школыг цирк авч үлдэх хэрэгтэй учраас би залуу хүнд өөрийнхөө ажлыг өгөөд явсан.Гэтэл миний хэдэн хүүхдийг хаячихаад Бүжидмаа номерийг минь аваад мөнгө хөөгөөд Хятад руу явчихсан байна лээ.Миний авч байсан цалинг хүртэл цирк түүнд өгч байсан шүү дээ.Одоо манай циркэд Буд л нэг шинэ юм гаргаж ирэх байх.
-Манайд цирк үзээд  ойлгох хүн ховор байна гэж ярих юм?
-Энэ үнэн. Хэдэн жилийн өмнө би төрийн хүндэтгэлийн концертонд эхийнхээ хэвлийгээс гарч байгаа хүүхдээр сэдэвчилсэн номер тавихад үзэж суусан төрийн өндөрлөгүүд секс агуулсан циркийн үзүүлбэр байна гэж тэнэгтсэн.АЖ Жамьяндагва гуай ойлгочихоод надад ирж баяр хүргэж байсан даа.
 
Шударга мн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>