|
Видео

Шинэ мэдээ

В.Путин: Оросын хил хязгааргүй, дуусдаггүй юм

В.Путин: Оросын хил хязгааргүй, дуусдаггүй юмБ.СУВД

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард болсон тус улсын Газар зүйн нийгэмлэгийн шагнал гардуулах ёслолын үеэр есөн настай хүүгээс "Оросын хил хаана дуусдгийг мэдэх үү” хэмээн асуужээ. Хүү "Берингийн хоолой...” хэмээн ярьж эхлэхэд Путин түүний яриаг таслан "Оросын хил хязааргүй, дуусдаггүй юм” хэмээн хариулснаа удалгүй "Тоглосон юм” хэмээн хошигножээ. Гэхдээ Путиний хэлсэн энэ үгийг зөвхөн хошигнол хэмээн хүлээн авч боломгүй гэмээр. Учир нь, тоглоом, хошигнол бүр цаанаа бага ч болов үнэн нуугдаж байдаг гэдэг. "The Moscow Times” сайтад бичсэнээр Путиний хэлсэн энэ хошигнол Кремлийн одоогийн геополитикийн бодлоготой ерөнхийдөө нийцэж байгаа аж. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "ОХУ бол өөр нэртэй л болохоос биш ЗХУ юм” хэмээн хэлж байсныг эш татжээ. Мөн Путин нэг бус удаа дэлхий даяар амьдардаг орос хэлтнүүдэд туслахаа амлаж байсныг дурдаад, үүнээс түүний хэлсэн үгийн утгыг ойлгож болох юм гэжээ. 

Путин 2011 онд ОХУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа "Известия” сонинд нийтлүүлсэн өгүүллээс болж "Владимир Путин ЗХУ-ыг сэргээж байна” гэж барууны хэвлэлүүд тайлбарлаж байсан юм. Тэрээр тухайн үед гишүүн орнууд нь улс төрийн бүрэн эрхтэй байх эдийн засгийн хүчирхэг нэгдэл Евразийн холбоог байгуулах тухай өгүүлж байжээ. Үүний дараа буюу 2014 онд Евроазийн эдийн засгийн холбоог байгуулах гэрээг үзэглэж, 2015 оноос эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ. Харин Владимир Путин "ОХУ хуучин зөвлөлтийн бүрэлдхүүнд байсан орнуудад өөрийн нөлөөллөө тогтоохыг оролдож байна гэдэг мэдээлэл худлаа. Биднийг ОХУ-ын эзэнт гүрнийг сэргээж, бүхнийг нөлөөлөлдөө багтаан захирах гэж байна гэсэн нэр хаяг өгөхийг оролдож байна. Энэ бол бодит байдал дээр огт байхгүй зүйл. Евроазийн эдийн засгийн холбоо байгуулах төсөлд ЗХУ-ыг сэргээн байгуулахаар ярьж байгаа ямар ч төлөвлөгөө байхгүй” гэсэн байдаг. 
Эх сурвалж: www.assa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.