Хоолны хордлогот халдвар ба хоолны хордлого

382

 

Баяр ёслолын үеэр хоолны хордлогын тоо эрс нэмэгддэг нь бараг бичигдээгүй хууль болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг, хэрхэн эмчлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар энгийн зүйлсийг мэддэг байхад илүүдэхгүй.

 Хоолны хордлогот халдвар

Хоол хvнсний хамтаар стафилококк, стрептококк г.м. өвчин үүсгэгч янз бүрийн бактери -ууд хүний биед орсны улмаас үүсдэг эмгэгүүдийг хоолны хордлогот халдвар гэж нэрлэдэг. Ингэхдээ өвчин үүсгэгч бактериуд нь гэхээсээ илүүтэйгээр тэдний ялгаруулдаг хорт бодисууд нь өвчин үүсгэгч гол хүчин зүйл болдог.

Хоолны хордлогот халдвар нь хоолны хордлогоос юугаараа ялгаатай вэ?

Хоолны хордлого нь хортой мөөг, жимс г.м. хортой бүтээгдэхүүн, эсвэл хүнсний бүтээгдэхүүнд шингэсэн химийн хортой бодисоор үүсгэгддэг.

Шалтгаан

Бичил биетүүдээр халдварлагдсан мах, сүүн бүтээгдэхүүн, салат зэргийг хэрэглэсний улмаас хоолны хордлогот хордлого үүсдэг. Халдвартай бүтээгдэхүүнүүдээс гадна хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэх, хадгалах горим алдагдасны улмаас хордлогот халдвар үүсч болно. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, хоолыг дулаан байр саванд хадгалах нь өвчин үүсгэгч бичил биет үржих таатай орчныг бүрдүүлдэг.

Өвчин үүсгэгч бактериудыг дотор нь бүхэлд нь тархаж үржих нөхцөл бүрдүүлдэг махан таташ, нухаш, цусан хиам, царцаамал г.м. бүтээгдэхүүн, мөн хурдан мууддаг бүтээгдэхүүнүүдийг хасах температурт удаан биш хугацаагаар хадгалж байх хэрэгтэй.

Шинж тэмдэг

Хоол, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин орсон, хүний биед ялгарсан хортой бодисууд нь ходоод, нарийн болон бүдүүн гэдэсний салст бүрхэвчийг үрэвсүүлдэг / гастроэнтероколит /. Үрэвслийн улмаас гэдэсний шингээх, боловсруулах чадвар нь алдагдан, хөдлөх үйл ажиллагаа нь нэмэгддэгээс гадна гэдэсний бактерийн тэнцвэргүйжил үүсч болно.

Эдгээр өөрчлөлт нь халдвартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш гол төлөв 2-5 цагийн дараа илэрдэг бөгөөд дараах шинж тэмдэгтэй байдаг, үүнд:

– гэдэс өвдөх
– дотор муухайрах
– бөөлжих
– гүйлгэх. Хоногт 10-15 удаа хүртэл. Эхэндээ шингэрсэн өтгөн, дараа нь усархаг ялгадас.
– биеийн халуун 37,5-39 градус болтол нэмэгдэнэ, халуурах
– бие сульдах
– чичрүүдэс хүрэх

Гол төлөв нэг хоногийн дараанаас бие нь сайжирч эхэлж байгааг хүн мэдэрдэг

Эмчилгээ

Хордлогын эхэн үед ходоод угаах нь хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Үүний тулд 2%-ийн хүнсний содын уусмалыг 1,5 литрийг /тус бүрт нь цайны халбага хүнсний сод хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлждөг. Ингэж бөөлжүүлэхэд шингэний дутагдал бий болж болзошгүй тул 15 минут тутам хоолны халбагаар буцалсан ус, эсвэл хоросол ууна. Хоногт 1,5-2 литр шингэн уух хэрэгтэй.

Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд 4 шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй.

Эмчийн зааваргүйгээр левомицетин г.м. хүчтэй антибиотик хэрэглэх гэсний хэрэггүй. Учир нь левомицетин нь олон тооны гаж нөлөөтэй хүчтэй, хортой антибиотик юм. Эмчийн зааваргүйгээр тунг нь хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд цусны найрлаганд өөрчлөлт орох, мэдрэлийн системт согог үүсэх зэрэг гаж нөлөө үзүүлж болзошгүй.

Орчин үед энтерол, эрсе-фурил зэрэг гаж нөлөө багатай эмүүд гарч ирсэн байгаа. Эдгээрийг ч эмчийн жорын дагуу хэрэглэх хэрэгтэй.

Дараахь тохиолдолд эмчид заавал хандах хэрэгтэй, үүнд:

– гэдсээр өвдүүлж байгаа янз нь мухар олгой г.м. эмнэлгийн яаралтай туслалцаа шаардлагатай өвчний шинж тэмдэг байж болзошгүй үед

– өвчин нь 1-2 хоногоос илүү үргэлжилж, гэдсээр хүчтэй өвдөх, энэ хугацаанд 38 түүнээс дээш тогтмол халуурах

– нүдний цагаан шар өнгөтэй болох, шээсий өнгө хүрэн болох, өтгөний өнгө цагаан болох

– 1-2 өдрөөс илүү хугацаанд дотор муухайрч бөөлжүүлэх, бөөлжис цустай, эсвэл кофений тунамал шиг өнгөтэй гарах

– хоногт 10, түүнээс олон удаа гүйлгэх, дотор нь салтс, эсвэл цус байх

– нүүр шөвийж, нүд хүнхийх, шүлс өтгөн, зунгааралдсан болох. Уусан шингэн тогтохгүй, эсвэл шингэн юм ууж чадахаа байх.

Урьдчилан сэргийлэлт

Юуны өмнө хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалах горимыг дагах хэрэгтэй. Үүний тулд Дэлхий Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүдийн боловсруулсан доорх зөвлөгөөг дагах хэрэгтэй.

1.Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Хөлдөөсөн, пастержүүлсэн бүтээгдэхүүнээс хордлого авах магадлал бага.

2.Хоолыг сайн болгож байх хэрэгтэй. Халуунаар болгох явцад өвчин үүсгэгч бүх бичил биетүүд устах ёстой бөгөөд ингэхийн тулд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халах ёстой. Хөлдөөсөн шувуу, мах зэргийг эхлэн гэсгээсний дараа болгож байх хэрэгтэй. Ингэхгүй тохиолдолд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халахгүй байх эрсдэлтэй.

3.Болгосон хоолыг удаалгүйгээр идэж байхыг хичээ.

4.Болгосон хоолыг хадгалах шаардлага гарсан бол тохирсон дулааны горимыг дага. Өвчин үүсгэгч бичил биетүүдийн хөгжил нь +60 градусаас дээш , +10 градусаас доош температурын үед зогсонги байдалд ордог. Харин +10-аас +60 градусын хоорондын горим нь хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй.

5.Болгосон хоолыг дахин хэрэглэхийн өмнө сайтар халааж байх шаардлагатай. Хоол нь бүхэлдээн 70 градусаас доошгүй температур хүртэл халсан байх ёстой.

6.Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг хооронд нь холилгүйгээр тусгаарлаж байх хэрэгтэй. Тухайлбал, түүхий мах хэрчсэн хутга, "гампанзан” дээр болсон бүтээгдэхүүнийг жижиглэхдээ ашиглахгүй байх г.м. Ингэснээрээ нян халдварлах боломжгүй болгоно.

7.Хоолыг шавьж, мэрэгч г.м. амьтадаас сэргийл.

8.Зөвхөн цэвэр, эсвэл буцалгасан усыг хэрэглэж байх. Хүүхдийн хоолыг хийхдээ нэн анхааралтай, болгоомжтой байх хэрэгтэй.

Хоолны хордлого

Шалтгаан

Бичил биетүүд бус харин амьтны болон ургамлын гаралтай муудсан бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас хоолны хордлого үүсдэг. Мөн хортой химийн бодис агуулдсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээс үүсч болно.

Шинж тэмдэг

Хоолны хордлогын шинж тэмдэгүүд нь хоолны хордлогот халдварын үед илэрдэг шинж тэмдэгтэй төстэй. Үүнд:

– дотор муухайрах, бөөлжих

– гэдэс өвдөх

– гүйлгэх /хоногт 10-15 удаа хүртэл/

– халуурах /37,5-39/

– тахикарди буюу зүрхний цохилтын тоо нэмэгдэх

– артерийн даралт буурах

– ухаан алдах

– шөрмөс татах

Анхны тусламж

Юуны өмнө хүн юунд хордсоныг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд хүний өөрийнх нь болон ойр дотныхноос нь асуух, бөөлжисний үнэр байдлыг нь ажиглах хэрэгтэй. Хэрэв хордосноос хойш 2-4 цагаас бага хугацаа өнгөрсөн бол ходоод угаах нь хамгийн сайн арга. Үүний тулд хүнсний содын 2% уусмалыг 1,5 литрийг /тус бүрт нь цайны халбага хүнсний сод хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлжих хэрэгтэй. Ходоодыг бүрэн цэвэрлэхийн тулд ахин нэг удаа цэвэрлэх нь сайн гэж үздэг.

Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд 4 шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй.

Хоолны хордлогын үед өвдөснөөс 10-12 цагийн дараа өвчтөний биеийн байдал муудаж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эмчилгээ

Анхны тусламж үзүүлсний дараагаар эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт

Хоолны хордлогонд орохоос сэргийлэхийн тулд дараах зvйлсийг анхаарах хэрэгтэй, vvнд:

– хальс нь ногоорсон төмсийн хүнсэнд хэрэглэхгүй байх. Соёлсон төмсийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй.

– Тоор /персик/, чавга /слив/, гүйлс /абрикос/ зэрэг жимсний ясны чөмгийг идэхгүй байх. Учир нь эдгээр жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодис ялгардаг.

– Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх. Гэмтсэн, шошгогүй консерв худалдаж авахгүй байх.

эх сурвалж: 103.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.