ГАДААДЫН БАНК ОРЖ ИРЭХЭЭС АЙХ ХЭРЭГГҮЙ
2012 онд эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байсан манай улсыг гадны томоохон 5-6 банкууд манайд улсад үйл ажиллагаагаа явуулахаар сонирхож байсан. Гэвч өнөөдрийнх шиг бүх үзүүлэлт хасахтай байгаа нөхцөлд манай улсад гадны банкууд ажиглалт хийсээр байна. Иймээс юун түрүүн манай улс хууль эрх зүйн орчноо тогтвортой болгох шаардлагатай байгаа юм. Нэг үгээр тэдэнд ажиллаж эхлэх боломжийг олгох хэрэгтэй болж байна.
Тэгвэл манай цоо шинэ гэгдэж байгаа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульд юу тусгагдсан бэ?
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Хаянхярваа, Б.Батзориг, З.Нарантуяа, Б.Ундармаа нарын гишүүд санаачлан өргөн барьж байгаа.
Монгол Улстай ижил төстэй харьцангуй жижиг, нээлттэй эдийн засаг бүхий улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интерацид нэгдэх, банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой хууль санаачлагчид үзэж байгаа аж.
Өнөөдөр Гадаад банк Монгол Улсад байгуулагдах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг Банкны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай хууль болон Монголбанкны Банкны зөвшөөрлийн журам, Банкны нэгжийн журмаар зохицуулж байгаа юм. Монголбанкны Банкны зөвшөөрлийн журамд заасны дагуу дээрх төлөөлөгчийн газрууд нэгээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол банкны үйл ажиллагааг эрхлэх хүсэлтээ Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагуудад тавих эрхтэй байгаагаас гадна Банкны нэгжийн журамд зөвхөн гадаадын банкны төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгох, татгалзах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг журамласнаас өөрөөр гадаадын банкны талаар нарийвчилсан зохицуулалт Банкны тухай хууль тогтоомжид одоогоор байхгүй байгаа юм байна.
Иймд гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор тус хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн барьсан байна.
Эдийн засагчдын зүгээс гадны банк орж ирснээр том том төслүүдийн санхүүжүүлнэ, банкуудын хоорондын өрсөлдөөн эрчимжих тухай тайлбар өгдөг. Мөн тэдний зүгээс хуулийн төсөлд тусгагдаад байгаа хадгаламж нээх эсэх, харилцах данс нээх, нээхгүй гэх мэт хязгаарлалтын асуудлыг хуулийн төсөлд нарийн тусгаж өгөхийг сануулж байна.
Гэвч өнөөдрийн нөхцөлд гадаадын хөрөнгийн эх үүсвэр монголчуудад нэн шаардлагатай болоод байна. Нэг үгээр бид хүний мөнгийг ашиглаж эдийн засгаа сэргээх шаардлагатай байгаа юм. Дампуурсан, дампуурлын ирмэг ирээд байгаа мянга мянга ААН-үүдийнхээ үйл ажиллагааг сэргээх хэрэгтэй шаардлага ч тулгарчихсан. Иймээс өнөөдрийн босго өндөр банкны хүүг бууруулахад гадны банк зайлшгүй хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиа сайн баталж чадвал бид гадаадын банк орж ирэхээс айх хэрэггүй юм.
Оллоо.мн