С.ЭРДЭНИЙН ЭХНИЙ УНАЛТ

898

С.ЭРДЭНИЙН ЭХНИЙ УНАЛТ

 

Тэр хуулиас давсан дарга уу, мөрддөг дарга уу

УИХ-ын гишүүн С.Эрдэнийг Улсын дээд шүүхээс албан ёсоор АН-ын даргаар бүртгэлээ. С.Эрдэнийг сонгосон, батламжилсан процедур Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд тогтоомжид нийцсэнийг Дээд шүүх ёсоор болгосон нь энэ. Гэвч Дээд шүүхэд бүртгэлтэй болсон АН-ын дарга С.Эрдэнийн зам тийм дардан байсангүй. Нэртэй нь хамт бүртгүүлэхээр хүргүүлсэн АН-ын Үндсэн дүрмийн шинэчлэлийг холбогдох хуульд нийцээгүй гэж үзэн буцаав. Үүнийгээ дагаад найман сарын турш тогоон дотроо хэлэлцэж, ярилцсан бүр Их хурлаараа батламжилсан АН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлт хүчингүй болж, хуучин нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

 

Үүнийг АН-ын дарга С.Эрдэнэ ч Дээд шүүх шинэ дүрмийг бүртгээгүй учир хуучин хуучин дүрэм хүчинтэй байгаа. Хуучин дүрмээрээ явна гэдгийг онцлоно лээ. Ингэснээр намынхаа шинэчлэлийг түүчээлж, 2020 оны сонгуульд ялалт байгуулах том амбийц тээж явсан АН-ын дарга С.Эрдэнэ эхний уналтаа хийж байна. Дээрээс нь ирэх сарын 2-нд явуулахаар товлосон Үндэсний бодлогын хорооны гишүүн, нийслэл, дүүрэг, аймаг, сумын намын даргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн нэр дэвшигчдийн хувь заяа хаашаа эргэх нь мөн тодорхойгүй болов. Дээд шүүхийн шийдвэр эцсийнх учраас АН-ынхан хүссэн хүсээгүй Их хурлаа товлож дүрмийн шинэчлэлээ дахин хэлэлцэх учиртай. Үндсэн дүрмийн шинэчлэлийг Дээд шүүхэд хүргүүлэхээс өмнө АН-ын Дотоод сонгуулийг зохион байгуулах хорооноос нэр дэвшигчдэд дэнчингийн мөнгө, хураамжтай холбоотой шийдвэр гаргасан нь намын жирийн гишүүдийн эгдүүцлийг хүргэж С.Эрдэнэ даргаа шүүмжлэлээр булж байв. Харин АН-ын дарга С.Эрдэнэ "АН-ын дотоод сонгууль бол сонгох, сонгогдох бүх эрх мэдэл намын жирийн гишүүдийн гарт шилжсэний илрэл. Энэ бол бидний зорьсон шинэчлэлийн хоёр дахь давалгаа юм. Гишүүдээсээ асуудаг, гишүүдээрээ шийдүүлдэг тэр зарчмаас ухрах ёсгүй” хэмээн тайлбарласан билээ. Экс дарга З.Энхболд ч "Урьд нь фракциуд тохироод аймгийн намын хорооны 120 хүнээс ҮЗХ-ны гишүүнээ сонгодог байлаа. Манайхаас тэрийг гаргана, танайхаас тэрийгээ гарга гээд тохироогоор ҮЗХ-ны гишүүдээ сонгочихдог байсан. Одоо бол ҮБХ-нд хэнийг сонгохыг нийт гишүүд шийдэх учраас аль фракцын хүн бэ гэж асуух шаардлагагүй болчихож байгаа юм” гэж хачир нэмсэн нь саяхан. Гэвч С.Эрдэнэ болон экс даргын шинэчлэлийн хоёр дахь давалгаа хуульд нийцэхгүй байгааг Дээд шүүх дэнслэв.

 

Улс төрийн намын тухай хуулийн 13.3-д "Намын Их Хурлын чөлөөт цагт намын бага, бүгд хурал, тэдгээртэй адилтгах намын төлөөллийн төв байгууллагыг намын Их Хурлаар сонгож байгуулна. Сонгуулийг нууц санал хураалтаар явуулна” гэж заажээ. Эндээс Дотоод сонгуулиар ҮБХ-ны гишүүдээ шат, шатны гишүүдийнхээ саналаар тодруулах АН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлт хуулийн дээрх заалттай зөрчилдсөн нь харагдаж байна. Мөн нэр дэвшигчдээс 6-90 сая төгрөг хүртэл дэнчин, хураамж авах нь дээрх хуулийн 5.1.3-ыг зөрчжээ. Уг заалтад гишүүдээ намын удирдах байгууллагын төлөөлөлд орох, сонгуульд нэр дэвших, сонгогдоход хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлахгүйгээр адил тэгш боломж олгох гэжээ. Эдгээр шалтгаанаас үүдэж Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүтцээрээ, бүхлээрээ шинэчлэх зорилготой явсан АН толгойгоо сольсноос өөрцгүй болж хувирлаа.

 

Шүүхийн шийдвэргэй холбогдуулж АН-ын Хууль, дүрмийн бодлогын газрын дарга Б.Батхуяг Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн зухай "Намын дүрмийг бүртгэх хурал хойшилсон. Нэмзлт материал гаргаж өгнө. Сонгуульд огт өөрчлөлт орохгүй” хэмээн мэдэгджээ. Гэхдээ Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулдаггүй л юм бол хэлсэн үг биеллээ олохгүй. Олох ч боломжгүй. АН-ынхан Б.Батхуяг даргын тодотгосон шиг сонгуулиа явуулж хуулиа зөрчдөггүй л юм шүү дээ. Хэрвээ АН-ынхан хууль зөрчөөд дотоод сонгуулиа ирэх сарын 2-нд зохион байгуулбал нам нь гэхээсээ дарга нь муухай харагдана. Тэр намдаа шинэчлэл хийж буйгаас илүүтэй Дээд шүүхийн шийдвэрийг зөрчсөн анхны дарга болж улс төрийн намтраа арвижуулна. Намаа шинэчилж болно. Үүнийг АН-ынхан бүгдээрээ хүсэж байгаа. Гэхдээ хуулиас давж хийсэн шинэчлэл энэ намын хувь заяанд хэрхэн нөлөөлөх бол гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Наад зах нь улс төрд буруу жишиг тогтоно.

 

Эдгээр шалтгаанаас үүдэж АН-ын дарга С.Эрдэнэ шүүхийн шийдвэрийг биелүүлэх үү гэсэн ганцхан сонголт үлдэж байна. Үнэхээр С.Эрдэнэ дарга АН-ыг шинэчлэхийг зорьж байгаа бол эхлээд өөрөө хуулиа мөрдөж бусдадаа үлгэрлэх нь зүйн хэрэг. Тэгж байж бусдыг дагуулна, тэднээр дэмжүүлнэ. Тэгэхгүйгээр шүүхийн шийдвэрээс давж сонгууль зохион байгуулбал жирийн гишүүд дэмжигчид гэлтгүй олон нийтэд тэр муухай харагдана. АН-ын дарга С.Эрдэнэ хуулиас давсан дарга уу, мөрддөг дарга уу гэдэг ирэх сарын 2-нд товлосон дотоод сонгуулийг цуцлах эсэхээс бүрэн хамаарч эхэллээ.



С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>