|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 10:57
Өчигдөр, 09:40

Орхон голын эхийг алтны компаниуд ухаад эхэлжээ, Д.ОЮУНХОРОЛ САЙД АА!!!

 

Хаврын урь буусан энэ өдрүүдэд гол, мөрөн гэлтгүй горхи, шанд ч "мөсөн дээлээ тайлах”-аар яаран, цөн түрж, олонх нь мөсөө элээн халгилж, мяралзан урсах өдрүүдээ хүлээж ядаж буй биз ээ. Гэвч энэ хавар, ирэх зун, намар Орхон гол ахиад л улаанаараа эргэж, тунгалаг ус бус тунадастай, магадгүй элдэв химийн бодистой, хүн битгий хэл мал уухын эцэсгүйгээр урсах нь. Орхон голын эхээ авдаг тархин дээр алтны компаниуд ажиллаад эхэлсннйг орон нутгийн эх сурвалж хэлж байна. Хэдэнгээ очиж ‘Та нарын тусгай зөвшөөрлийн эрхийг БОАЖ-ын сайд тодорхойгүй хугацаагаар цуцалсан биз дээ. Та нарт энд үйл ажиллагаа явуулах, алт олборлох эрх байхгүй” гэж заргалдаад ч тусыг олохгүй дэмий л тэднийг тойрон халаглаж яваагаа ярьж байна. Уг нь бол Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, эрх мэдэл бүхий байгууллагуудтай хамтран өнгөрсөн оны есдүгээр сарын 5-нд Орхон голын эх бүрэлдэх газарт ажиллаж, тэнд алт олборлож байсан 14 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Мөн техник, хэрэгсэл, шаардлагагтай бүгдийг лацдаж, МХЕГ, орон нутаг дахь байгаль орчны газрынхан хамтарсан пост гарган хянаж, "Орхон голыг ингэж л аварна” хэмээж байсан билээ. Гэвч уг тогтоол. шийдвэр биеллээ олсонгүй. Харин ч бүр эсрэгээрээ газар гэсэж амжаагүй шахам байхад өрөмдлөгийн болоод бусад том техник, хэрэгсэл, хүнд даацын автомашинуудаа голын эхэнд аваачиж, "зэвсэглэн”, зарим нь өрөмдөж эхэлснийг салбарын сайд хийгээд холбогдох албаныхан мэдэж байгаа болов уу.

 

 

Ш.МЯГМАР: ОРХОН ГОЛЫН ЭХЭНД АЛТ ОЛБОРЛОЖ БАЙСАН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООСОН ШИЙДВЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙГАА

БОАЖЯ-ны Газар захион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Мягмараас Орхон голын эхэнд алтны компаниуд үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг мэдэж байгаа эсэхийг болоод өнгөрсөн жил гаргасан сайдын шийдвэр хүчинтэй үгүйг тодрууллаа.

 

-Орхон голын эх бүрэлдэх газар буюу Шийрт, Өлт, Тээл, Бодонт, Харгуйт зэрэг хөндийд алт олборлогчид хүнд даацын машин, техник хэрэгслээ дахин байршуулж, үйл ажиллагаагаа эхлүүлж байна гэсэн мэдээлэл орон нутгаас ирлээ. Энэ талаар БОАЖЯ-ны энэ асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд мэдсэн болов уу?

-Өдийд уул уурхайн болоод алт олборлогч компаниуд бэлтгэл ажил болох засвар үйлчилгээгээ хийх зэрэг ажил л хийж байж мэднэ. олборлолт, өрөмдлөгийн ажил эхлэх хугацаа арай болоогүй байна. Гэхдээ тэнд нэг ч компани үйл ажиллагаа явуулах эрхгүй хэвээр байгаа.

 

-Өнгөрсөн жил Д.Оюунхорол сайд Орхон голын эхэнд үйл ажиллагаа явуулж байсан алтны компаниудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргаж байсан. Түүнээс хойш эрхээ албан ёсоор авсан компани бий юү?

-БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнгөрсөн онд Архангай аймгийн Цэнхэр суманд ажиллах үеэрээ тэнд үйл ажиллагаа явуулж байсан алтны компаниудын үйл ажиллагааг уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ гэх мэт шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэх хүртэл нь зогсоох шийдвэр гаргасан. Энэ шийдвэр өнөөдрийг хүргэл хүчинтэй байгаа. Нэг ч компани бичиг баримт болоод бусад шаардлагатай баримтыг бүрдүүлээгүй учир үйл ажиллагаа явуулах эрхээ аваагүй байгаа.

 

-Гэхдээ энэ шийдвэр гарснаас хойш бараг арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл алт олборлосоор, Орхон голыг бохирдуулсаар байсан гэдгийг орон нутгийнхан хэлж байсан?

-Сайдын гаргасан тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг МХЕГ-ын харьяа байгууллагууд хангаж, хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй.

 

-"Монгол газар”, "Алтандорнод Монгол” зэрэг компаниуд, тэдний охин компаниуд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж, уулын ажлын болоод нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө хиичихвэл Орхон голын эхээс алт олборлох эрх нь бүрэн нээлттэй юм байна гэж ойлгож болох уу?

-Улс орон эдийн засгийн хямралтай энэ үед байгалийн баялгийг зүй зохистой, хуулийн хүрээнд ашиглуулах бодлогыг төрөөс баримталж байгааг бид мэднэ. Уул уурхайн яам ашигт малтмал олборлогчдод баялгийг зүй зохистойгоор ашиглуулах санал, чиглэлтэй ажиллаж байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам бол байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, шаардлагатай зүйлсийг эдийн засгийн эргэлтэд хуулийн хүрээнд оруулах зарчмыг баримталж байна. Иргэний хөдөлгөөнүүдийн зарим нь эсэргүүцэж, зарим нь дэмжиж байна. Орон нутгийн удирдлагуудын хувьд байгалийн баялаг дагасан ажлын байр, орон нутгийн залуусын орлогыг дэмжих чиглэлийг илүүд үзэж, зарим нь бас баялаг ашиглахыг эсэргүүцэж байна. Энэ мэт тал талын өөр өөр байр суурь байгаа учраас энэ бүхний эрх тэгш байдлыг хангасан зөв, оновчтой шийдвэрийг Засгийн газраас гаргах ёстой юм. Саяхан "Алт-2” хөтөлбөр батлагдлаа. Усны бодлогын хувьд усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалттай бүсэд ямар нэг олборлолт явуулахгүй. Алт 2 хөтөлбөрөө хэрэгжүүлж болно, эдийн засгаа сэргээх хэдэн ч ажил өрнүүлж болно. Гэхдээ нэгдүгээрт, хууль, дүрэм журамд нийцэж байх хэрэгтэй. Хоёрдугаарт, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн тодорхой ашигтай байх, тухайн орон нутгийн хөгжлийн сан болоод ажлын байр гаргах, нөхөн сэргээлт хийх нь баталгаатай, байгаль орчинд ээлтэй технологи ашиглаж байвал болохгүй гэх юмгүй. Гэхдээ Усны сан бүхий газрын хамгаалалттай газрууд, Урт нэртэй хуулийн урсац бүрэлдэх газруудад орсон бол уул уурхайн олборлолт, ашиглалтын ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй гэдэг байр суурь хэвээрээ байгаа.

 

-Орхон голын эх бол яах аргагүй хамгаалах ёстой, ашигт малтмал олборлох ёсгүй газарт орно биз дээ?

-Ург нэртэй хуулийн урсац бүрэлдэх газруудын хэсэгт орж байгаа.

 

-Та Монголын усны бодлогыг хариуцаж байгаа албан тушаалтнуудын нэг. Тэгэхээр Орхон голын эхэнд алт олборлогчид үйл ажиллагаа явуулах нь голын урсацыг өөрчлөх, бохирдуулах, загас жараахай устах зэрэг сөрөг үр дагаврыг сайн мэдэж байгаа. Гэхдээ стандарт, шаардлагыг хангаж байвал тэнд алт олборлохыг та зөвшөернө гэсэн үг үү?

-Усны тухай бодлогын хүрээнд бид Орхон голын эхэнд ямар нэг үйл ажиллагаа явуулахыг эрс эсэргүүцэж байгаа.

 

ОРХОН ГОЛЫН ЭХЭНД ЯАГААД АЛТ ОЛБОРЛОЖ БОЛОХГҮЙ ВЭ

Орхон голын сав газарт найман аймгийн 53 сумын нутаг дэвсгэр ямар нэгэн хэмжээгээр багтдаг аж. Архангай аймгийн Булган, Өлзийт, Төвшрүүлэх, Хотонт, Орхон аймгийн Баян-Өндөр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий зэрэг сумын нутаг бүтэн багтсан байна. Харин Архангай аймгийн Өндөр-Улаан, Чулуут, Эрдэнэмандал, Баянхонгор аймгийн Галуут, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ, Төв аймгийн Жаргалант, Заамар, Угтаалцайдам сумдын нутаг дэвсгэрийн тодорхой хувь нь Орхон голын сав газарт хамардаг. Өөрөөр хэлбэл, ийн улаанаараа эргэж буй гол найман аймгийн 53 сумын нутаг дамжин урсахдаа олон зуун хүн, хэдэн сая мал, амьтдыг унаалдаг. Энэ гол химийн болон бусад хорт бодисоор бохирдвол юу болохыг таахад бэрх. БОАЖЯ-ныхны "Орхон голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-нд "Орхоны сав газарт аймгиин төв дөрөв, сумын төв 25, баг 134 байгаагийн дотор Хангайн бүсийн тулгуур төв Эрдэнэт, Хархорин хотууд энэ сав газарт оршдог. 2010 оны байдлаар Орхон голын сав газарт Монгол Улсын хүн амын 8.6 хувь оршин сууж байсны 51.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Сав газрын хүн амын 37.3 хувь Орхон, 21 хувь Архангай, 17.8 хувь Сэлэнгэ, 12.6 хувь Өвөрхангай, үлдсэн нь Төв, Булган, Дархан-Уул аймагт ногдож байна. Насны бүтцээр нь авч үзвэл, 2010 оны байдлаар 15 хүртэлх насны хүүхэд 70 мянга, 15-34 насны залуучууд 83 мянга, 35-59 насны хүмүүс 68.5 мянга, тэтгэврийн насны 13.9 мянган иргэн байна. Түүнчлэн тус сав газрын хүн ам 2021 онд 262.4 мянга болно” гэжээ. Дээрх судалгаа нь Орхон гол бохирдож болохгүйн наад захын шалтгаан мөн. Уг гол 1124 км газар урсан Сэлэнгэ мөрөнд нийлж, улмаар ОХУ-ын Байгал нуурт цутгадаг.

 

АЛТ ОЛБОРЛОЖ Л БАЙВАЛ БАЙГАЛЬ ОРЧНЫ СҮЙРЭЛ ТЭДЭНД ХАМААГҮЙ

Орхон голын бохирдол шинэ сэдэв биш. Өвөрхангай, Архангайчуудад бол бүр ч биш. Ингэж хэлэхийн учир нь 1999 онд Орхон голын эх Шийртийн ам, Өлзийтээл, Буданттээл, Өлт, Харгуйтын голын хөндийд алтны хайгуул, ашиглалтын тусгай эрхийг хэн хүссэнд өгч, улмаар 1999 оны аравдугаар cap гэхэд тус газарт алт олборлогч компанийн тоо 60-д хүрсэн байв. 2000-2006 онд Орхон голын хор болсон хэмээн зарлаж, олон тооны горхи, булаг ширгэсэн тухай хэвлэлийнхэн шуугиж байсан ч холбогдох албаныхан замбараагүй олгосон лицензэндээ чөдөрлүүлж, арга хэмжээ авч чадахгүйд хүрч байсан гэхэд болно. 2009 оны долдугаар сард Урт нэртэй буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсанаар Орхон гол арайхийн "амьсгаа” авсан гэхэд болно. Алт олборлогч компаниудын үйл ажиллагааг хуулийн хүрээнд зогсоов. Гэвч эрх мэдэлтэн, албан тушаалтнууд Урт нэртэй хуулийг батлагдсаны дараа сараас эхлэн эсэргүүцэж, уг хууль хэрэгжсэнээр гадаад дотоодын хөрөнгө оруулалттай 827 ахуйн нэгж хохироход хүрсэн гэж байв. Түүнчлэн дээрх компаниуд хохирлоо улсаас нэхэмжлэх, нөхөн олговор авахаар Засгийн газраас журам хүртэл батлуулж байсан юм. Иймд Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж, хэлэлцэж явсаар 2015 оны долдугаас сарын 7-нд Засгийн газраас 120 тоот тогтоол гаргасан. Уг тогтоолоор ашиглалтын тусгай эрхтэй компаниудад холбогдох яам, мэргэжлийн байгууллагуудтай таван талт гэрээ байгуулан олборлолт хийсний дараа нөхөн сэргээлт шууд хийгээд явна гэх мэт тодорхой эрх үүргүүдлйг хүлээн, ашиглалтын талбайгаа ашиглаж, нөхөн сэргээлт хийх эрх нь нээгдсэн. Үүний хүрээнд 2015 оноос ашиглалтын лицензтэй компаниуд үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч Орхон голыг бохирдуулсаар байна. Тэд уг хөндийд 40 жилийн эрхтэй тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Уг эрхийг олгох өөр нэг шалтгааныг албаныхан улс орны эдийн засаг доройтсонтой холбон тайлбарлаж байгаа.

 

Урт нэртэй хуулийг дагаж хэрэгжүүлэх хууль батлагдсанаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх сэргэсэн "Монгол газар”, "Батбродерс”, "Алтайголд”, "БМНС”, "Голден хаммер”, "Алтандорнод Монгол” гэх компанийн лицензийн эрх дээр 16 компани энд үйл ажиллагаа явуулж байсан. Засгийн газрын 289 дүгээр тогтоолд усан сан бүхий газрын эргээс 50 метр, энгийн хамгаалалтгай бүсээс 200 метр дотор алт олборлохыг хориглоно гэсэн заалт бий. Гэвч Орхон голыг бохирдуулж буй алт олборлогчдод энэ заалт үйлчилдэггүй.

 

"Алтандорнод Монгол”, "Монгол газар” компанийнхан Орхон голын эх дээр олборлолт хийснийхээ дараа нөхөн сэргээлт нэрээр өөр компаниудтай гэрээ байгуулан, үлдэгдэл дээрээ ажиллуулснаар голын усыг нь маш ихээр бохирдуулсныг мэргэжлийн байгууллагынхан удаа дараа тогтоосон. Тэр бүрт хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан бол өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэргийг нь сэргээн шалгаж эхэлсэн. Гэсэн ч тэд хашрахгүй, Монголын хууль, тогтоомжийг юман чинээнд бодохгүй байгаа нь илт байна.

 

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРЧ ОРХОН ГОЛОО ХАМГААЛНА

Орхон голын бохирдлыг олон нийтэд үнэн, бодитоор хүргэгчдийн нэг болох "Орхон голыг хамгаалах хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Хишигдэлгэртэй холбогдож, алтны компаниуд Цэнхэр суманд очиж эхэлсэн талаар тодруулсан юм. Тэрбээр "Орхон голын эх бүрэлдэх газарт алт олборлодог аж ахуйн нэгж, компаниудыг дахиж алт олборлуулахгүй, өрөмдлөг хийлгэхгүй. Манай хөдөлгөөн Ерөнхийлөгчийн ивээл дор Орхон голоо аврахаар ажлаа эхлүүлээд явж байна. Цэнхэр суманд байгаа манай залуучуудын хэдхэн хоногийн өмнө өгсөн мэдээллээр тэнд хүмүүс алт ухах гээд техник, хэрэгслээ авчирчихсан байна гэсэн. Нөгөө хууль, тогтоомж, алт ухуулахгүй гэсэн сайдын тогтоол, шийдвэр хаачсан бэ. Орон нутгийн удирдлагуудын өмнө нь байгалиа хамгаална, өрөмдүүлэхгүй, ухуулахгүй гэдэг хандлага ч өөр болсон байна лээ. Шударга, үнэнч, байгаль орчноо хайрладаг жинхэнэ эх оронч цөөхөн байна. Орхон гол бол Монголын төдийгүй Азийн цэвэр усны ганц нөөц. Орхон гол үгүй болбол монголчууд цэвэр усгүй болно л гэсэн үг. Үүнийг эрх бүхий хүмүүс мэдэж байгаа хэрнээ яагаад юу ч хийхгүй байна вэ. Үүний цаана эрх ашиг, лобби л явж байдаг. Тиймээс бид олон улсын байгууллагуудтай хамтарч Орхон голоо хамгаална” гэлээ.

 

Д.ОЮУНХОРОЛ: ОРХОН ГОЛЫГ БОХИРДУУЛАХГҮЙ БАЙХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ

Эцэст нь, өнгөрсөн оны есдүгээр сарын 5-ны өдөр Орхон голын эхэнд, алтны компаниудын төлөөлөл болоод орон нутгийнхантай уулзах үеэрээ БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Орхон голыг аврахын тулд бид үүнийг зайлшгүй хийх ёстой хэмээн хэлж байсан үгийг нэмэр хачиргүй дахин хүргэе. Тэрбээр "УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, иргэд, уурхайн эзэд, ажилтан гээд бүх талын төлөөллийг оролцуулан Орхон голын бохирдол, нөхөн сэргээлтийн асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Орхон голын бохирдлыг шалтгаан болоод бусад зүйлтэй газар дээр нь танилцлаа. Орхон гол улаанаараа эргэж, 13 км газрыг ухаж, гол руу шууд бохир усаа асгаж байгаа нь сэтгэл эмзэглүүллээ. Энд үнэхээр хариуцлагагүй уул уурхай ажиллаж байна. Лицензтэй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахдаа ТЭЗҮ-ээ батлуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүйгээс үүдэлтэйгээр Орхон голыг бохирдуулах хэмжээнд хүртлээ ажиллажээ.

 

Тиймээс бид уул уурхайн компаниудыг нэщүгээрт, хууль, дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах хүртэл лиценз ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдлээ. Хоёрдугаарт, нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийх ёстой. Нөхөн сэргээлт хийхийн тулд нөхөн сэргээлтийн барьцаа төлбер улсын төсөвт байршуулах ёстой. Үүнийгээ бүрэн байршуулахыг шаардаж байна. Гуравдугаарт, лиценз эзэмшигчдийг талбайдаа олон компани гэрээгээр оруулахыг хориглоно. Хамгийн ихдээ таван аж ахуйн нэгж байхаар заах хэрэгтэй гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар нэг талбайд 14 компани зэрэг ажилласан нь замбараагүй, хариуцлагагүй нөхцөл байдал үүсгэж, гол бохирдуулахад хүргэж байна. Дөрөвдүгээрг, одоогийн байдлаар хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол Орхон голыг дахиад бохирдуулахгүй гэсэн баталгаа байхгүй. Бид ирээд, хэлэлцүүлэг хийснээр Орхон гол цэвэр, тунгалаг урьдын адил болчих юм биш. Тийм учраас уурхайн компаниуд гадаргын усыг ашигладаг байдлаа зогсоох хэрэгтэй байна. Усыг дахин ашиглах арга технологиудыг нэвтрүүлэх, бий болгох хэрэгтэй. Мөн далан шуудуугаа зориулалтын дагуу барих шаардлагатай. Орхон голыг бохирдуулахгүй байх нь бидний үүрэг. Хэн нэгэн хүний эрх ашгийн үүднээс ийм байдалд хүргэчихээд байгаа учраас энд үйл ажиллагаа явуулж байгаа бичиг баримтыг бүрдэл дутуу бүх уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа” гэж байв. Өмнө нь буюу өнгөрсөн наймдугаар сард алтны компаниуд дур зоргоороо дургисны гороор Орхон голын бохирдол хэрээс хэтэрч байгааг цувралаар сурвалжлан хүргэхдээ манай сонин "Орхон голыг аврах боломж Д.Оюунхорол сайдад байна” хэмээн бичиж байв.

 

Тэгвэл цас ханзарч, яргуй дэлбээлж, гол мөрөн бүхэн холоос холд тэмүүлэн урсаж эхэлж буй энэ үед Д.Оюунхорол сайдад "Гол мөрнийг аврахаар гаргасан шийдвэр, тушаалаа хэрэгжүүлээрэй. Хэрэгжилтэд нь мэргэжлийн болоод орон нутгийн байгууллагуудтай хамтран давхар хяналт тавьж яагаад болохгүй гэж. Алтнаас болж байгаль дэлхийгээ сүйтгэгчдэд дахин сүйтгэх боломж бүү олгоорой. Бүү ухарч, няцаарай. Орхон голоос үнэтэй алтны компани, эрх ашиг гэж байх ёсгүй” хэмээн дахин дайя.


Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.