|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 06:20
1-12-2017, 11:10

Нефть боловсруулах үйлдвэр баригдвал импорт нэг тэрбум ам.доллараар багасна

Нефть боловсруулах үйлдвэр баригдвал импорт нэг тэрбум ам.доллараар багасна

 

Эдийн засгийг солонгоруулах, уул уурхайн баялгийн экспортын хараат байдлаас гарахад  хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой.  МАН-ын Засгийн газар 2016-2020 хүртэлх мөрийн хөтөлбөртөө улс орны үйлдвэржилтийн чиглэлээр хэд хэдэн томоохон зорилт дэвшүүлсэн бөгөөд  эдгээрээс анхаарал татаж буй нь Дорноговийн Сайншандад барихаар төлөвлөж  Нефть боловсруулах үйлдвэр юм.  Тиймээс энэ удаад энэ үйлдвэрийн талаар тойм мэдээлэл хүргэж байна.  

Газрын тос боловсруулах үйлдвэр

Монгол  Улс газрын тосны хэрэглээ 100 хувь гаднаас  хамааралтай. Тэр дундаа бүр ОХУ-ын "Роснефть” гэсэн гэсэн ганцхан  цорготой хэмээн тодотгож болно. Сүүлийн хэдэн жил дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ ихээхэн буурсан хэдий ч  энэ нь Монголын хэрэглэгчдэд  огтхон ч нөлөөлөгүй. Үүний шалтгаан нь мөнөөх л ганцхан нийлүүлэгчээс хараат байдал юм. 

Засгийн газар өнгөрөгч оны сүүлчээр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргаад байгаа. Улмаар үүний дагуу Газрын тос боловсруулах үйлдвэр барих төрийн өмчит компани байгуулахаар  шийдвэрлэсэн. Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох нь үе үеийн Засгийн газрын мөрөөдөл байсаар  ирсэн.

Дорноговь аймгийн Сайншандад газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд  нэг тэрбум ам.долларын зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Нэг тэрбум ам.долларын 700 саяыг нь боловсруулах үйлдвэр, 264 саяыг нь дамжуулах хоолой барихад зарцуулахаар төлөвлөсөн юм билээ. Дорнодын Матад сум дахь Тамсагийн сав газраас Сайншанд руу 545 км нефтийн хоолой барьж, үйлдвэр рүү түүхий эд хүргэх нь. Зээл 20 жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэй байх юм.

Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Төсөл хэрэгжсэнээр Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой.

Мөн 1000 ажлын байр шинээр бий болохын зэрэгцээ жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийж, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож байгаа юм. Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт 1 тэрбум ам.доллараар буурах бөгөөд валютын гарах урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ.

Түүнчлэн улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрч, үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, резинэн эдлэл, хуванцар, химий-цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулагдана гэж Сангийн яам тооцоолсон байна.

Анх энэ үйлдвэрийг Дарханд барихаар ярьж байсан.  Гэхдээ энэ байршлыг өөрчилж Сайншандад болгосон нь бас учиртай. Унгарын "Ebroil” компани Монголд газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж гүйцэтгэхдээ Бор-Өндөр, Чойр, Сайншандад барих гэсэн гурван хувилбарыг судалсан гэдэг. Засгийн газар, салбарын яам Сайншандыг яагаад сонгосон талаар "Сайншандыг аж үйлдвэрийн парк болгохоор ус, байгаль орчин, эдийн засгийн талаарх нарийвчилсан судалгааг нэлээд их хийсэн.

Мөн түүхий эддээ ойр, газрын тосоо нефтийн хоолойгоор татаж авах боломжтой. Бор-Өндөр цөөн буюу 2000 хүнтэй, ихэвчлэн уурхайчид суурьшсан газар. Харин Сайншанд хүн ам төвлөрсөн бүс гэдгээрээ ажиллах хүчний хувьд илүү тохиромжтой, давуу тал бүхий байршил” хэмээн онцолж байсан билээ.  Үүнээс гадна Монгол Улсын газрын тосны илэрц, цаашид илрэх магадлал зүүн, өмнөд хэсэгт элбэг гэдгийг харгалзсанаас гадна ус, эрчим хүчний эрэлтийг хангана гэж тооцжээ.

Харин түүхий тосны тухайд гэвэл "Петро Чайна Дачин Тамсаг” компанийн тос олборлож буй бүтээгдэхүүн хуваах гэрээтэй хоёр талбайгаас гэхэд 2040 он хүртэл түүхий эдээр хангах боломжтой юм байна. Мөн газрын тосны хайгуул хийж байгаа хэд хэдэн компани бийгээс гадна хоёр ч талбайд нөөц илрүүлсний нэг нь Өмнөговь аймагт аж. Газрын тосны үйлдвэр баригдвал нэн тэргүүнд дотоодоосоо түүхий эдээр хангана гэж тусгасан.

Уг үйлдвэр  баригдснаар Монгол Улсын ДНБ-ийг 10 хувиар өсгөх бөгөөд тухайн бүтээгдэхүүний импорт нэг тэрбум ам.доллароор багасаж, валютын гарах урсгал 20, ам.долларын ханш 18-25 хувиар буурах тооцоо байгаа ажээ.

П.Булган

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.