ЭМГЭНЭЛ
Монголын Зохиочдын Эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Бороохойн Батхүү удтал хүндээр өвчилж байгаад 2017 оны 12 дугаар сарын 18 -ны өдөр таалал төгсөж Монголын уран зохиол болон сэтгүүл зүйн салбарт хүнд гарз тохиолоо.
Бороохойн Батхүү нь 1959 онд Завхан аймгийн Сонгино сумын нутагт айлын ууган хүү болон төрж 1967-1977 онд Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургууль, 1977-1980онд Хилийн цэргийн дунд сургуулийг төгсөж НАХЯ-ны харъяа Хилийн цэргийн "Эх орны манаа" сонинд сурвалжлагч, Завхан амйгийн "Туяа" сонинд сурвалжлагч, Монголын радиод сурвалжлагч редактор, Монголын Залуучууд сонинд сурвалжлагчаар тус тус ажилласан байна.
Тэрээр 1990 оны эхээр Дархан хийлийн төлөө хөдөлгөөний "Гал голомт сониныг эрхлэн гаргаж улмаар уран зохиол уран сайхны "Гэгээн судар" сониныг санаачлан эрхлэгчээр нь ажиллаж байлаа.
Б. Батхүү нь 1970-аад оны дундуур сурагч байхаасаа шүлэг уран зохиол бичиж арав гаруй ном бүтээл хэвлүүлснээс тууж өгүүллэгийн "Бэртэй болох цаг" "Шувууд ганганах намар" " Урсгал" Амьдрал өөрөө" "Хуучин найз" зэрэг түүврүүд, яруу найргийн "Нүүдлийн түрүүч" " Холын хол" " Ноён шүлэг" номууд бүтээж уншигч олны хүртээл болгожээ. Мөн тэр бээр өөрийн шүлгүүдээс бүтсэн дуунуудаараа 2016 онд "Бороо" нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо ард түмэндээ толилуулж байв.
Түүний зохиол бүтээл Өвөр монголд хуучин монгол бичгээр, бас Орос, Япон хэл дээр орчуулагдан хэвлэгджээ.
Б.Батхүүгийн зохиол бүтээлийг Төр засаг, Мэргэжлийн байгууллагууд өндрөөр үнэлэн Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад ойн медиалуудаар шагнажээ.
Монголын уран зохиолын 1980-аад оны томоохон төлөөлөгч, нэрт яруу найрагч Бороохойн Батхүүг тэнгэрийн орноо одсонд их утга зохиол нэгэн авъяастнаар дутаж уран бүтээлч найз нөхөд, шавь нар нь нэгэн түшигээ алдаж их гарз тохиож буйд гүнээ эмгэнэж байна. Ум сайн амгалан болтугай, Сайн төрөлд төрөх болтугай.
Монголын Зохиолчдын Эвлэл.
Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэл
Үр хүүхэд, ах, эгч дүү нар, төрөл төрөгсөд нь