Адууны мах залуужуулах шидтэй

2324

Адууны мах залуужуулах шидтэйМонголчууд бид хоол хүнсээ жилийн дөрвөн улиралд тохируулан хэрэглэдэг. Тэгвэл өвлийн улиралд хонь, адуу, үхрийн мах түлхүү хэрэглэвэл дархлаа сайжирдаг талаар хүнсний технологич, их эмч Б.Оюунгэрэлийн зөвлөгөөг хүргэж байна.

 

ХОНИНЫ МАХ


Хүйтнээс өөрийгөө хамгаалах хамгийн үр дүнтэй арга нь зөв хооллолт юм. Ялангуяа хонины маханд хүний биед хэрэгтэй олон аминдэм байхаас гадна монгол хүний онцлогт төгс зохицдог.

Хонины булчин махны ширхэг нь нарийн байдаг. Тиймээс тамир оруулж, дархлааг сайжруулдаг. Амаржсан эхэд хонины махаар шөл хийж өгдөг. Нялх хүүхдийг ясны шөлөнд оруулдаг. Хонины тойг, борви, далны ясны шөлийг гурван шимтийн шүлт гэдэг.

Хонины мах нь:
 

  • Шингэц сайтай, хүч сэлбэж, тэнхээ тамир оруулдаг.
  • Ядаргаа тайлах, сонсгол сайжрахад тустай.
  • Хонины сүүлэнд Д, С, А, К аминдэм агуулагддаг тул хордлого, бие сульдах, ядаргаа, харшил, харааны хөгжилд эерэгээр нөлөөлдөг.
  • Цус багадалтаас сэргийлдэг.
  • Сүүлэнд кальци ихээр агуулагддаг учир түүнийг хөхсөн хүүхэд сульдаа, тархины даралттай болдоггүйгээс гадна ханиад хүрэх нь бага байдаг.

 

ҮХРИЙН МАХ


Үхрийн махны илчлэг чанар нь 2300-2600 ккал. Энэ маханд азотгүй бодис их байдгаас өвөрмөц үнэр амттай. Харин дотор өөх нь тос ихтэй, ус багатай удаан хайлдаг, тосны гарц их байдгаараа онцлог. Монгол үхрийн мах булчингийн эд, өөх алагласан бүтэцтэй, нарийн ширхэгтэй тул зөөлөн, шүүстэйгээс гадна тослог, шим тэжээлтэй.

Үхрийн мах нь:
 

  • Шинэ үхрийн мах ханиаданд сайн эм болдог.
  • Хий, шар хавсарсан халууныг анагаах чадалтай.
  • Үхрийн чөмөг нь уушгийг тунгалагжуулж, дэлүүний тамир сайжруулдаг.

 

АДУУНЫ МАХ


Адууны махны найрлагад хүний биед чухал хэрэгтэй глютамины болон альбумин, глобулин, миогены зэрэг шим тэжээл байдаг. Мөн хонь, үхрийн махыг бодвол чийг ихтэй, бусад махнаас давуу, халуун чанартай тул ханиад томуугаас урьдчилан сэргийлж, анагаах чадалтай. Амт сайтай, илч ихтэй.

Адууны мах нь:
 

  • Цусны даралт ихсэх, цусны хана хатуурах өвчний эсрэг үйлчилгээтэй.
  • Бөөр, бэлхүүсний шар усыг хатаах чанартай.
  • Хөгшрөх үйл явцыг удаашруулж залуужуулдаг.
  • Адууны махны шөлөөр биеэ шавшвал арьс зөөлөн булбарай болохоос гадна ханиад томуу, хатгаа хүрэхээс сэргийлнэ.
  • Адууны цусыг шарх, хоолойн бахуу өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг.

Зууны мэдээ
Ч.Гантулга

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>