“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан гэрээ хүчинтэй юу

89

 “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан гэрээ хүчинтэй юу

 

"Жаст”-ын Ш.Батхүүгийн үйлдэл 2009 оноос эхтэй. Тухайн үед "Эрдэнэт үйлдвэр” ХХК нь Өмнөд Африкийн "Стандарт банк”, "Жаст групп” компанитай "Батлан даалтын гурвалсан гэрээ” гэгчийг байгуулсан гэдэг. Одоо энэ асуудал даамжирсаар Олон улсын арбитрын шүүхээр эцэслэгдэж, гарсан шийдвэрийн дагуу "Эрдэнэт" үйлдвэрийг битүүмжилж, Монголын тал 51 сая ам.долларыг төлөх болсон. Мөн 2013 оноос хойшхи шүүхийн зардал, зээлийн хүү, алданги, торгууль зэрэгт 44 сая ам.долларыг төлөхөөр болоод байгаа юм. Дээрээс нь зээлийн хүүд 900 мянган ам.доллар төлнө. Гэтэл батлан даалтын гэрээний гарын үсгийн асуудал хуурамч, хуурамч биш гэсэн асуудал бас энд бий. Хэрэв шударга зарчмын үүднээс авч үзвэл энэ хэрэгт оролцоотой гэх хүмүүс л хариуцлагад татагдахаас биш ард түмэн энд хохирох учиргүй.

Хуурамч гарын үсэг гэсэн дүгнэлт хаанаас гарсан бэ?

"Жаст" групп зээлсэн мөнгөө хуваарийн дагуу төлөөгүй 2013 оноос энэ асуудал ил гарсан. Ш.Батхүүд батлан даалт гаргасан гэх "Эрдэнэт" үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын тамга бүхий гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгийг хууль хяналтын байгууллага тухайн үед мэдэгдсэн байдаг.

ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар ийм тайлбар өгч байжээ. ""Жаст” группийн 100 гаруй сая ам.долларын зээлийн баталгаанд Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр огт хамааралгүй. Тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг бид хоёрын хувьд "Стандарт” банкинд баталгаа гаргаж өгөхөд оролцсон зүйлгүй. Төрийн албанд олон жил ажилласан, аж ахуйн нэгжийн туршлагатай хүний хувьд харахад эрүүл ухаанд нийцэхээргүй бичиг байна лээ. Тэр баталгаа гэх гэрээнд бид хоёр гарын үсэг зураагүй.Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Энэ зээлийг "Эрдэнэт” үйлдвэр төлөх ямар ч үндэслэл байхгүй.”

Мөн 2013 онд УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү хэвлэлд дараах ярицлагыг өгч байсан юм. Тэрээр "2006 оноос "Жаст” манай төмөр замд сар болгон 6000-7000 орчим тонн дизель түлш нийлүүлж байсан. Үүнийхээ л төлбөрийг бид тус компанийн данс руу хийж байсан. Төлбөрийг бид "Хадгаламж” банк болон "Стандарт” банкинд хийж байсан. Энэ л гэрээг зээлийн батлан даагч болсон гэж андуураад байх шиг байна” хэмээн хэлж байж. Түүний үгийг дурдсаны учир нь хуурамч гарын үсэг УБТЗ-ыг ч барьцаанд тавьсан гэсэн мэдээлэл гараад буй юм. Тэгэхээр тухайн үед УБТЗ-ын даргаар ажиллаж байсан Т.Очирхүү ч бас асуудалд холбогдох магадлалтай хүмүүсийн нэг болоод байгаа талаар хэвлэлүүд бичиж, үйл явдлыг сөхөн тавьж байна. Өнөөдрийн "Өдрийн сонин"-ы дугаарт УИХ-ын гишүүн Я.Содбаатар ""Жаст"-ын зээлд "Эрдэнэт" үйлдвэр баталгаа гаргасан нь хуурамч гарын үсэгтэй юм билээ" гэсэн ярилцлага өгчээ. Хуурамч гарын үсэг гэдэг дүгнэлтийн тухайд ийм байна.

Тэгвэл гарын үсэг хуурамч биш гэдгийг хэн нотлов?

"Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын гарын үсгийг Лондоны Арбитрийн шүүх /LCIA/-ээс хуурамч биш болохыг нь тогтоосон гэдгийг Стандарт банкны зүгээс манай Засгийн газарт хэлж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, манай хууль хяналтын байгууллагын мэдэгдлийг үгүйсгэсэн юм. Энэ дагуу Ш.Батхүүг хорисон ч 2014 онд батлан даалтад гарч, улмаар 2015 онд Өршөөлийн хуулиар чөлөөлөгдсөн. Гэтэл өршөөгдсөн этгээдийн тарьсан гай өнөөдөр улс орон даяар ийм хурцадмал нөхцөл байдлыг бий болголоо. Харин бүхэл бүтэн улсыг донсолгосон хэргийн эзэн нь хаана, юу хийж яваа нь тодорхойгүй, түүнд ямар хариуцлага тооцох талаарх яриа бүр ч сураггүй байна. 

Олон улсын шүүх дээрх гэрээг хүчинтэй гэж нотолжээ. Тиймээс энэ бол хариуцах "эзэд"-тэй асуудал гэдэг нь тодорхой. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийг дур мэдэн барьцаанд тавьдаг том толгойтнуудын тарьсан балаг байж мэдэх юм. Тэгвэл тэд бүгд худал мэлзсэн гэсэн үг.

Тийм бол өнөөдөр энэ хэргийн хариуцлагыг тэд биш бид үүрэх дээрээ туллаа. Үнэхээр энэ дээрээ тулах юм бол "Саалийн үнээ"-гээ тавиад туух уу, савласан зоосоо өгөөд барах уу гэдэг л сонголт үлдсэн гэвэл худлаа. Ийм ил тод, ойлгомжтой болсон асуудлаас гарахын тулд төсөвт гар дүрэлгүй, түмэнд төвөг удалгүй, түргэхэн шийдэх гарц байгааг төрийн түшээд харж л байгаа. Хаацайлаад байгаа оффшорчдынхоо хэсэгхэн хэмжээний мөнгөөр л "саалийн үнээ"-гээ алдах эрсдэлийг саармагжуулж чадна гэдгээ мэдэж л байгаа.

Эцэст нь, хэргийн эзэн Ш.Батхүүтэй хариуцлага тооцохыг шаардаж буй. Ер нь гарын үсгийн хуурамч эсэх тухай асуудал нэг талаар үнэний эрэл мэт боловч нөгөө талаар хэн нэг нь хариуцлагаас мултарч, хамтрагчаа "нохойд барих мод” болгох эмгэнэлт дүр зураг үзэгдэж, нийгэмд хардлагыг төрүүлж байна.

Я.Хулан


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.