ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖЛЭЭ

35

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖЛЭЭ

 

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Д.Гантулга нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн тул УИХ-ын 47 дугаар тогтоолд тавьсан хоригийг хэлэлцэх шаардлагагүй болохыг Байнгын хороон дарга Ш.Раднаасэд тайлбарлав. Ингээд Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 2018 оны 45 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа танилцуулсан.


Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож,  яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай Прокурорын байгууллагын саналыг УИХ хүлээж аваагүй нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго тээсэн Монголын ард түмний хүсэл зоригт нийцээгүй, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг улам бүр үгүй хийсэн, иргэдээ үл тоон басамжилсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон гэжээ. Иймд нэр бүхий УИХ-ын гишүүний гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг УИХ дахин хэлэлцэж, Үндсэн хуульд нийцүүлэн, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзэж, хориг тавьсан байна.


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Батзандан нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд үүсч болох эрх зүйн үр дагаварын талаар УИХ-ын Тамгын газрын холбогдох албан тушаалтнаас тодруулж хариулт авсан. Ц.Мөнх-Оргил гишүүн "УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх явцад хууль зүйн тодорхой гаргалгаа хийх шаардлагатай болж байна. Улсын Ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй байсан ч холбогдох асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх эрх зүйн боломж бий хэмээн тайлбарласан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд ямар ч боломжгүй гэдэг тайлбар өгч байсан. Тиймд УИХ-ын тухай хуульдаа үүнтэй холбоотой зохицуулалтыг тодорхойлж, өөрчлөлт оруулах нь дараа дараагийн парламентад чухал ач холбогдолтой” гэдэг байр суурийг илэрхийллээ.
 


Ингээд Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 2018 оны 45 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 72.7 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.