В.Путин болон Д.Трамп-ийн уулзалтыг 2000 орчим сэтгүүлч сурвалжилна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын энэ сарын 16-нд Финландын Хельсинки хотод болох уулзалтыг 2000 орчим сэтгүүлч сурвалжлах төлөвтэй байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путин, Д.Трамп нар хоёр улсын харилцааг цаашид хөгжүүлэх хэтийн төлвүүд хийгээд олон улсад тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байгаа билээ. Финландын ГХЯ уулзалтын хэвлэл мэдээллийг хариуцан ажиллах бөгөөд уулзалтыг тус улсын үндэсний "YLE” телевиз Европын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран албан ёсоор дамжуулан үзүүлэх аж.
Энэ уулзалт нь хоёр улсын удирдагчдын анхны зориуд товлосон бүрэн хэмжээний уулзалт болох юм. Жилийн өмнө В.Путин, Д.Трамп нар Германы Гамбург хотноо болсон "Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан бол дараа нь Вьетнамд болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр богино хугацаанд харилцан ярилцсан юм.
Б. Халиун