Компьютерын системээ шинэчилж байхыг анхааруулж байна

647

Компьютерын системээ шинэчилж байхыг анхааруулж байна

 

Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар манай улсад 2.910.778 интернэт хэрэглэгч байгаагаас мобайл дата, буюу ухаалаг гар утсаар интернэт хэрэглэгч 90.21 хувийг эзэлж байна. Өрх гэр болгон интернеттэй, хүн болгон ухаалаг гар утас хэрэглэгч, интернэт хэрэглэгч болсон гэхэд хэлсдэхгүй. Гэвч энэ өсөлт хөгжлөө дагаад цахим орчинд хуурамч нэр хаягаар өсвөр насны хүүхдүүдийг буруу, хорт зуршил руу уруу татах, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах, дарамтлах, залилах, хууран мэхлэх гэмт хэргүүд ихээр гарах болсон. Эдгээр хүчин зүйлсийг авч үзвэл эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарын хяналт сул, анхаарал болгоомж, мэдээлэлгүйгээс болоод энэ төрлийн гэмт үйлдлүүд гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас сануулж, олон талын урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлуудыг зохион байгуулж байгаа аж.

Цахим гэмт хэргийн аюулаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахад баримтлах гол зүйл бол цахим гэмт хэрэг үйлдэх этгээдтэй адилаар бодож, сэтгэх явдал юм. Өөрөөр хэлбэл, кибер гэмт хэрэгтний голчлон хэрэглэдэг арга, хэрэгслийн эсрэг арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг ЦЕГ-аас зөвлөмж болгож байна. Ингээд кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийтлэг 10 аргыг танилцуулъя. Иргэд, олон нийтэд гэр бүлээ цахим гэмт хэрэгт өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ямар алхмуудыг хийх ёстой вэ. Үүнд:

1. Компьютерын системээ шинэчилж байх

Цахим гэмт хэрэгтний халдлагын зүйл нь таны компьютерын цоорхойтой буюу хуучирсан систем байдаг тул түүнийгээ шинэчилж байгаарай.

2. Системийн тохиргоогоо хамгаалах

Бусад этгээд таны компьютерын системийн тохиргоог өөрчлөх буюу аюулгүй байдлыг хангасан тохиргоог алдагдуулахаас болгоомжлоорой.

3. Нэвтрэх үг буюу нууц үгээ сайжруулж, хамгаалах

Хэрэглэгчийн нэр, нэвтрэх үг, дансны нууц дугаар зэрэг нь аливаа онлайн гүйлгээ, төлбөр тооцоо болон таны хувийн мэдээлэлд байнга хэрэглэгддэг. Иймд үсэг, тоо, бусад тэмдэгт оролцуулсан 8-аас доошгүй тэмдэгтээр нэвтрэх үгээ сайжруулж, түүнийгээ гурван сар тутамд тогтмол сольж хэвшээрэй. Мөн олон вэб сайтанд нэг л нэвтрэх үг ашиглах нь таныг эрсдэлд оруулах тул хэрэглэдэг үйлчилгээ, вэб сайт бүртээ өөр нэвтрэх үг ашиглах хэрэгтэй.

4. "Галт хана”-аа асаалттай байлгах

"Firewall” буюу галт хана гэх програм нь таны компьютерыг гэмт этгээдүүд эвдэх, мэдээлэл устгах, нэвтрэх үг, бусад нууц мэдээлэл хулгайлахаас хамгаалдаг.

Цахим гэмт хэргээс сэргийлэх 10 зөвлөмжийг хүргэж байна

5. Вирусны эсрэг программ суулгах буюу түүнийгээ шинэчилж байх

Вирус нь компьютерын хэрэглэгчийг мэдээгүй байхад түүний мэдээллийг устгах буюу хулгайлах, бусад байдлаар эрсдэлд оруулдаг тул заавал вирусын эсрэг программ суулгаарай.

6. Хувийн мэдээллээ хамгаалах

Өнөөдөр ихэнх онлайн үйлчилгээг ашиглахын тулд нэр, гэрийн хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллээ хуваалцах, түгээх нөхцөл бүрдсэн байна. Эргэлзээтэй буюу хэлний дүрмийн алдаа ихтэй цахим шууданд хариу өгч болохгүй. И-мэйлд хариу өгөхийн өмнө цахим шуудангийн хаягийг шалгаж байх нь зүйтэй. Хувийн мэдээлэл шаардсан цахим хуудасны домэйн нэрийн урд ногоон өнгийн цоожны дүрс буюу /https/ харагдахгүй байвал та түүнийг ашиглахаас зайлсхийх нь зүйтэй.

7. Вэб сайтын нууцлалын бодлогыг хэвлэн авч, анхааралтай унших

Ихэнх вэб сайт үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлогоо бичгээр танилцуулдаг. Үүнийг анхааралтай унших нь таны хувийн мэдээлэл ямар замаар, хэнд хүрэх, эс хүрэхийг мэдэхэд чухал юм. Нөгөө талаар тухайн вэб сайтын үйлчилгээ таныг эрсдэлд оруулах бол урьд хэвлэж авсан нууцлалын бодлого, үйлчилгээний нөхцөл нь таны эрхийг хамгаалахад чухал нотлох баримт болох юм.

8.Санхүүгийн мэдээлэл, дансны хуулгаа тогтмол хянах

Таны банкны дансны дугаар, нэвтрэх үг, зээлийн картын пин код хэн нэгний гарт орсон юм биш биз. Таныг мэдээгүй үед юм уу танд анзаарагдахгүйгээр таны данснаас мөнгө аваад байж мэдэх тул орлого, зарлагын мэдээллээ тогтмол хянаж байх нь санхүүгийн луйвар, залилангаас сэргийлэх, энэ тал дээр банкнаас аюулгүй байдлын дэмжлэг авах хэрэгтэй. Мөн утасны дугаараа дансны гүйлгээ хийхэд мэссэж ирэх програм сургаарай.

9. "Үнэгүй зүйл зөвхөн хавханд л байдаг” буюу танд маш их аз тохиолдоход эргэлзэн нягтлан шалгаж байх

Хэн ч АНУ-ын цэргийн өндөр албан тушаалтнаас их хэмжээний мөнгө хүлээн авах, "и-мэйл хаягийн өгөгдлийн сангаас санамсаргүйгээр сонгогдож” лотонд их хэмжээний мөнгө хожихгүй. Ийм утга бүхий зурвас, мэдэгдлүүд нь ихэнхдээ хуурагдсандаа итгэхгүй байгаа хүмүүсийн "хүчин чармайлт”-аар цагдаад мэдэгдэлгүй өнгөрч, өөр хэн нэгнийг залилахаар тарсаар байдаг.

10. Компьютероо унтраах

Хэрэглээгүй үедээ компьютероо унтрааж байх нь халдагч этгээдийн хууль бус холболтыг зогсоох үр дүнтэй нэг арга юм. Дээр дурдсан аргууд нь одоогийн төвшинд санал болгож буй аргууд бөгөөд кибер гэмт хэрэгтнүүдийн сэдэл, арга мэх улам хүчтэй болж байгаа тул дараах үйлдлийг хэвшил болгоорой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>