Бөөр өвдлөө гээд зүгээр орхиж болохгүй
Ихэнх хүмүүсийн хувьд "бөөр өвдөөд байгаа бололтой нуруу өвдөөд” байна гэсэн зовиурыг хэлдэг. Бөөр тань өвчилснийг илтгэх шинж тэмдгүүдийн талаар "Энэрэл” эмнэлгийн захирал захирал, бөөрний эмч нарын тэргүүн Б.Бямбадаш "Бөөр өвдсөн үед янз бүрийн шинж тэмдэг илэрч болох ч ерөнхий 4 шинж тэмдэг бий. Шээсний гарц муудаж, давсагаар өвдөж зовиурлана. Мөн шээсний давтамж өөрчлөгдөх буюу ойр ойрхон бие засдаг. Аль эсхүл маш бага хэмжээгээр шээх тохиолдол бий. Хоёрдугаарт нүүр, зовхи, шилбэ хавагнана. Гуравдугаарт даралт ихэсдэг. Дөрөвт бөөрний даралттай болдог. Хүмүүс ихэвчлэн нуруу өвдөх нь бөөр өвдлөө гэж ойлгодог. Энэ нь олон янз. Бөөр өвчилсөн үед тодорхой хэмжээгээр ууц нуруу хөшиж өвдөж болно. Гэхдээ дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол даруй лабораторын шинжилгээ өгч, эмчид үзүүлэх нь чухал юм. Ингэснээр бөөрний дутагдлаас сэргийлнэ” гэж зөвлөлөө.
Бөөр нь өдөр тутам 1,5-2 л илүүдэл шингэнийг шээс болгон гадагшлуулна. Бөөрний урт нь 10-12 см, өргөн нь 5-6 см, зузаан нь 3-4см байдаг. Бөөр тус бүрдээ 130 г орчим жинтэй. Бөөрний цуллаг эдэд бөөр, бөөрний тэвш, бөөрний жижиг бөөм, лимфэн цорго, бөөрний үүд, вен, артер, мэдрэлийн ширхэг, бүрхүүл хальс, шээс дамжуулах цорго зэрэг олон нарийн бүтэцтэй. Тэдгээрээс бөөрний жижиг бөөм болон бөөрний тэвшинцэр гэмтэж өвчлөх нь олон тохиолдоно.
Ямар эмчилгээ хийх вэ гэж үү
-Манайхан эм уух их сонирхолтой. Эм зүйч ч гэсэн дураараа хүнд эм зааж уулгах эрхгүй гэдгээ санах хэрэгтэй. Эмчийн жорын дагуу эмийг уух нь хамгийн зөв эмчилгээний арга болно. Ер нь хүн өөрөө эмээ сонгож авна гэдэг буруу. Заавал мэргэжлийн эмчээр оношлуулж ямар антибиотик уухаа асуух хэрэгтэй. Тухайлбал, гэдэсний савханцраар халдварласан өвчинг ямар эмээр намдаах уу, үүсгэгчид тохирсон ямар эм байдгийг зөвхөн эмч л хэлж өгч чадна. Мөн өвчтөн шээсний бактериологийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Уг шинжилгээнээс ямар үүсгэгчээр өвчилснийг мэдээд эмчилгээний аргаа сонгодог. Тэгэхээр яг тодорхой эмчилгээг заасан хугацаанд нь хэрэглэж чадвал бүрэн эдгэрнэ. Түүний дараа дахин шинжилгээ өгч эдгэрсэн эсэхийг нь шалгадаг юм.