АТГ-аас "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-д анхааруулга өглөө
Авлигатай тэмцэх газар "Тавантолгой” ХК-тай холбоотой иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хянан шалгасан байна. Шалгалтын явцад хэд хэдэн зөрчилтэй нөхцөл байдал тогтоогджээ. Тухайлбал, "Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргыг томилохдоо тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй томилжээ.
Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт "Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна.
Мөн хяналт шалгалтаар тус компанийн мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтнууд нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаагүй аж. Зүй нь бол Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” энэ хуулийн үйлчлэлд хамаарна, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргана гэж заажээ.
Иймд Авлигын эсрэг хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг нэн даруй авч дээрх хуулиудад заасан үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг анхааруулж, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, "Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлжээ.