Засгийн газрын хүсээд байгаа 3.0 их наядыг уул уурхайн салбар өгч чадах уу

696

Засгийн газрын хүсээд байгаа 3.0 их наядыг уул уурхайн салбар өгч чадах уу

 

Монгол Улсын эдийн засгийн одоогийн 6.3 хувийн өсөлт 2019 онд 8 хувь болж нэмэгдэх тооцоотой байгаа. Сайн мэдээ. Гэхдээ дэлхий улам бүр хавтгай болж эдийн засгийн хамаарал хүчтэй болсон цаг үе. ОУВС-ийн ирэх жилийн дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 3.9 хувиас уруудаж 3.7 боллоо. Дэлхийн эдийн засгийн өсөлт ингэж саарахаар байгаа нь манай худалдааны түнш орнуудад сөргөөр нөлөөлж, улмаар экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй.

Тухайлбал, Хятадын эдийн засгийн өсөлт 2019 онд удааширна гэсэн таамаглал байгаа. БНХАУ бол манай эрдэс баялгийн экспортын ганц том зах зээл гэдгээрээ Монголд эмзэг тусна.  

Түүнчлэн Ираны хориг болон АНУ-БНХАУ-ын худалдааны дайн гэхчлэн эдийн засагт нүүрлээд байгаа таагүй хамаарлын салхи Монголыг тойрч гарахгүй, дайрч сэвэлзэнэ гэдгийг санах учиртай.

Гадаад талдаа иймэрхүү цаг үеэр Монголчууд ирэх оныхоо орлого зарлагыг тооцож байна. Хаанаас хэдийг олох нь үндсэндээ бараг тодорхой. Уул уурхай гэсэн ганцхан тулгуурт эдийн засагтай улс бид. Эндээсээ  төсвийн орлогынхоо гуравны нэгийг буюу 3.0 их наяд төгрөгийг бүрдүүлнэ.

Энэ бол 2018 оноос 1.3 их наядаар нэмэгдүүлсэн тоо хэмжээ. Ингэж харвал УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлсэнчлэн “Орлого олох мөрөөдлийн жагсаалт” гэдэгтэй дүйж очмоор ч юм шиг. Гэхдээ Сангийн сайдын хэлсэн “2019 оны төсвийн орлогыг бүрдүүлэх нь чанга зорилт ч гэлээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой” гэсэн үг хариу тайвшралыг авчирна.

Уул уурхайн салбараас 2.0 их наядыг улсын төсөвт төвлөрүүлэхийн тулд 42 сая тонн нүүрс экспортлоно гэсэн шахуу төлөвлөгөө байна. Ингэж чадвал хар алтнаас төсөвтөө 1.3 их наядыг оруулна.

Ерөнхий сайдын 2018 оны 4 дүгээр сард БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд нүүрсний экспортын хэмжээ эрс нэмэгдсэн нь үнэн. Харин энэ хандлага 2019 онд хэвээр хадгалагдана хэмээн тооцож байгаа бололтой. Гэхдээ төмөр замаа бариагүй, Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл зэрэгцээ хатуу хучилттай зам цаасан дээр байгаа цагт хичнээн чардайгаад ч нүүрсний экспортыг санаснаар нэмэгдүүлнэ гэдэг бараг боломжгүй. Ирэх жилийн төсвийн төсөөлөлд нэг тн нүүрсийг 75.9 ам доллар байхаар тооцсон нь өндөр талдаа л гэсэн үг.

Орлого бүрдүүлэхэд онцгой үүрэгтэй экспорт бол зэсийн баяжмал. 2019 онд улбар металлын экспортоос улсын төсөвт мөн 1.3 их наяд төгрөг оруулна гэж төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл энэ зорилтоо хангахын тулд  1.4 сая тонн зэсийн баяжмалыг гадаад зээлд гаргах учиртай. Ингэхдээ зэсийн зах зээлийн үнийг олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийнбайгууллагуудын төсөөлөлд үндэслэн тонн тутамд 6,272. ам.доллар байна хэмээн тооцоолжээ.  

Энэ бол тийм ч өндөр үнийн төсөөлөл биш. Тэгээд ч сүүлийн үед зэсийн ханш бага багаар өсч байгаа бөгөөд 2019 онд энэ өсөлт хэвээр үргэлжилнэ гэсэн таамаг бас бий.

Нөгөөтэйгүүр ирэх 2019 онд дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүсч, 2022 он гэхэд 400.000 орчим тоннд хүрч болзошгүй талаар Уралын Уул уурхай-металлургийн компани тооцоолжээ. Тэдний тооцоогоор дараагийн таван жилд зэсийн хэрэгцээ жил тутам 415.000 тонноор өсч, 2022 он гэхэд нийт өсөлт нь 2,5 сая тонн болох аж.

Хэрэв үнэхээр зах зээлд зэсийн хомсдол үүсээд эхэлбэл үнэ нэмэгдэнэ. 2011 оны үед тн тутамдаа 10 мянган ам.доллараас дээш цойлж байсан алтан үе ахиад  ирэхийг үгүйсгэхгүй. Ямартай ч зэсийн салбарт өөдрөг төсөөлөл байгаа нь сайн хэрэг.

Алт бол Монголын бас нэг  найдвар. Гэхдээ ирэх жил энэ салбараас 83 тэрбумыг төвлөрүүлнэ гэсэн даруухан төлөвлөгөө бий. Энэ нь алтны салбарт үйлчилж байгаа эрх зүйн зохицуулалттай холбоотой байж мэднэ. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Уул уурхайн салбарыг олон тулгууртай болгох зорилтын хүрээнд алтны салбарыг тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг, тэрбум долларын салбар болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх нэг тулгуур болгон хөгжүүлэхээр бодлогыг нь томъёолж байгаа” гэдгээ  хэлсэн.

Ирэх жил газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэнэ гэсэн төсөөлөл байна. Баррель тутам нь бүр 100 ам доллараас дээш давж магадгүй гэж байна. Монгол бол газрын тос экспортлогч орон гэдэг утгаараа сайн мэдээ боловч нефть шатахууны хангалтаараа 100 хувь гаднаас хамааралтай гэсэн хачирхмаар  шийдэлтэй  билээ.

Хөрсөн дороо эрдэнээр баян Монгол хэмээх газар төрснөөрөө бид азтай. Харин байгаа баялгаа чулуу болгож чадахгүй гадныхны гар, ам хоёрт багтаж, үндэсний эрх ашгаа бусдын улан дор дэвсэж өгсөн ухаангүй улс төртэй гэдгээрээ ба азгүй хүмүүс.

М.Нэргүй

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>