Чансаа өндөр 128 бөхийн барилдаан хаана болох вэ

33

Монголын үндэсний бөхийн холбоонд үүссэн маргаан өнгөрсөн 7 хоногт нэг мөр цэгцэрсэн гэж олон нийт ойлгож, Бөхийн өргөө хэвийн үйл ажиллагаагаа явуулахаар болсон хэмээн баярлаж байв. Бөхчүүд үзэгчид ч үүнийг тэсэн ядан хүлээж байв.

Тодруулбал, холбооны шинэ тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх нар уулзаж, бөхчүүдийн түр зөвлөлийг байгуулан хамтран ажиллахаар болсон юм. Энэхүү уулзалтын гол үр дүнд хавраас хойш хаалга үүд нь хаалттай байгаа Бөхийн өргөөг нээж, бөхийн барилдаанаа хийж байхаар ярилцаж зөвшилцөлд хүрч, гарын үсэг зурцгаасан.

Дархан аварга Х.Баянмөнх Бөхийн өргөөг нээхэд боломжтой бүхнийг хийж, саадтай байгаа ажлуудыг цэгцлэх талаар ам өчиг өгөөд гарсан. Гэвч өнөөдөр Бөхийн өргөөг нээж, бөхөө, үзэгчээ авахад бэлэн болоогүй байгаа аж.

Тиймээс энэ сарын 29-нд болох Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чансаа өндөр 128 бөхийн барилдаан "Буянт-Ухаа" спортын ордонд болох нь хэвээр байгаа гэнэ шүү. Уг барилдааны тов нь эрт гарч билетээ зараад эхэлжээ. Урдуур суудалтай билетийг шагчид худалдан авч дамлан зарж байна гэсэн шүүмжлэл ч байна.

Харин барилдах бөхчүүдийн бүртгэлийг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд цахимаар авахаар болсон байна. Иймээс иргэд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг Бөхийн өргөөнд биш Буянт-Ухаа цогцолборт үзэх нь ээ.

Харин шинэ он гарч, Цагаан сарын барилдаан Бөхийн өргөөнд болох болов уу гэсэн хүлээлт байна.

 
Эх сурвалж: OLLOO.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.