Өдөрт нэгээс илүү цаг чихэвчээр дуу сонсож болохгүй

20

Чихэвч бол сүүлийн үеийн залуусын хамгийн чухал хэрэгцээ болсон зүйл. 1910 онд Солт Лейк хот дахь Baldwin радио компанийг үүсгэн байгуулагч “Baldy утас" нэртэйгээр  анхны чихэвчийг зах зээлд нийлүүлж байсан түүхтэй. Нэг ёсондоо Чихэвч нь чихэнд зүүж байгаа  жижиг чанга яригч юм.

Мэдээж чихэвч нь чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх, ажлаа илүү хялбар ажиллуулах, гар утасаар ярих, дэлгэцээр холбох зэрэгт хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үед залуус ipod, mp3, ухаалаг утас зэргийг ашиглан, олон цагаар, хэтэрхий чангаар чихэвчний хөгжим сонсох болжээ. Энэ нь сонсгол муудах, дүлийрэх эрсдлийг дагуулдаг байна.

Ялангуяа өсвөр насныхны хувьд, тэд үргэлж л чихэвчтэй хөгжим сонсож явдаг. Хичээл дээрээ, харихдаа, хичээлээ хийж байхдаа, унтахдаа хүртэл энэ маягаар чихэвчнээс хамааралтай болдог. Энэ нь тэдний амьдралыг илүү эрч хүчтэй, сайхан болгодог, тэрчлэн гадаад үзэмжээсээ ч тэр сайхан харагддаг хэмээн андуурдаг. Үргэлж энэ маягаар чанга, нүргээнтэй хөгжмийг сонсох нь тархины эд эсийг ядрааж, аливаа зүйлийг удаан ойлгох, тэрчлэн сонсголд маш муугаар нөлөөлдөг. Үүнээс болж насаараа сонсгол муутай, чихний аппараттай амьдарч буй хүмүүс маш олон байдаг. Тиймээс аль болох зайлсхийх, сонсож байгаа үед дууг нь султгаж байх хэрэгтэй.

ДЭМБ-с гаргасан баримтаар 85 дб хэмжээний чанга дээр чихэвчээр нэг цаг хөгжим сонсоход сонсголын эрхтэн гэмтдэг болохыг тогтоожээ. ДЭМБ-ийн хийсэн судалгаагаар өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 12-35 насны 1.1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байна. Жишээ нь 1994 онд Америкийн өсвөр насныхны 3.5 хувь нь сонсголгүй болсон гэх судалгаа гарч байсан бол энэ тоо 2006 он гэхэд таван хувь хүртэл өсчээ. Тиймээс ДЭМБ энэ явдалтай тэмцэхийн тулд өдөрт нэг цагаас илүүгээр чихэвчээр дуу сонсохгүй байх, дууных нь төвшнийг 60 хувиас хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна.

М.Дэлгэр  

 

 

 

 

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.