Найруулагч Б.Наран-Эрхэс шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авчээ

1444

Найруулагч Б.Наран-Эрхэс шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авчээ

 

СУИС-ийг Кино найруулагч, зохиолч мэргэжлээр төгсөж, өдгөө олон гайхалтай уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзаж буй залуу уран бүтээлч Б.Наран-Эрхэс шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авчээ. Тэрбээр, бага наснаасаа л уран зохиол, яруу найрагт дурлаж явсан бүсгүй бөгөөд эх оронч сэтгэл, үндэсний өв соёл, бахархлыг түгээн дэлгэрүүлэх талаар илүү анхаарч, энэ чиглэлээр илүүтэй уран бүтээл туурвидаг юм.

Залуу уран бүтээлч нь үргэлж үндэсний дээл хувцсаараа гоёдог бөгөөд түүний уран бүтээлээс нь та эх орныхоо гайхам сайхныг, эх нутгаа гэсэн чин сэтгэл, өдгөө мартагдан гээгдэж буй өв соёлыг олж харах болно.

2018 онд анхны бие даасан "Эх орон зүрх” уран бүтээлийн тайлан тоглолтоо Улаанбаатар паласын концертын их танхимд хийж байлаа. Найрагч бүсгүйн олон дуу, яруу найргийг үзэгч, сонсогчдын хүртээл болгожээ. Б.Магсаржавын аялгуу "Би Монгол бүсгүй”, "Олонтойгоо явах сайхан”, "Монгол дээл” зэрэг дууны шүлгийг бичсэнээс гадна "Хорвоогийн мэлмий” теле зохиомж нь олон мянган хүнд таалагдсан уран бүтээл болсон.

Тэгвэл, залуу уран бүтээлчидтэй хамтран "Мөхөшгүй Монгол” продакшн байгуулаад байгаа Б.Наран-Эрхэс найруулагч дараагийн шинэ уран бүтээл болох "Өвгөдийн өчил” хэмээх яруу найргийн теле зохиомжоо үзэгч, сонсогчдын сонорт хүргэлээ. Гайхалтай хөдөлмөрч энэ бүсгүй өөрөө уран бүтээл гаргахаас гадна, олон ч уран бүтээлчдийн клип, кинонд дүр бүтээж яваа юм. Өвөрмонголын өөртөө засах орны хөөмийч Тольчимэгийн "Алунгоо эхийн магтаал” уран бүтээлд Алунгоо эх, дуучин СТА Б.Буянжаргалын "Саяана”  дууны гол дүр, дуучин Б.Энх-Амарын "Эрдэнэ вангийн Чойжил хатан” ардын дуунд тогложээ. Залуу уран бүтээлчийн нэгэн уран бүтээлийг уншигч танд хүргэе.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>